Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тод: Монгол Ираны харилцаа 2,000 гаруй жилийн түүхтэй

Г.Номин, iKon.mn
2015 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн Яамны Боловсрол, судалгааны төв хамтран “ХИЖРИЙН 7-8, НИЙТИЙН ТООЛЛЫН XIII-XIV ЗУУНЫ АЗИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛС – ГЭРЭГЭ /ПАЙЗ/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа талаар ШУА-ийн эрдэмтэн, судлаачид өнөөдөр мэдээлэл хийлээ.


Энэ үеэр ШУА-ийн Түүх археологийн түүхийн баримт мэдээллийн төвийн эрхлэгч Д.Тодтой ярилцлаа.

-Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Гэрэгэ гол сэдэв байх нь ээ?

-Тийм ээ. XIII-XIV зуунд Азийн соёл иргэншилд Монголчуудын дэлгэрүүлсэн Гэрэгэний  нийгэм, улс төр, эдийн засгийн ач холбогдлын тухай хэлэлцэхийн хамт Монголын Иль хаадын явуулж байсан гадаад дотоод бодлого, хойч үедээ үлдээсэн өв, уламжлалын тухай асуудлаар голлон ярилцана. 

Гэрэгэ бол одоогийн гадаад паспорт, дипломат паспортын эхлэл байсан гэдэгтэй олон эрдэмтэн судлаачид санал нийлдэг. Их хааны гэрэгээг биедээ авч яваа хүн хааныг төлөөлөх эрхтэй байсан.

-Хурлыг Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн Яамны Боловсрол, судалгааны төвтэй хамтран зохион байгуулж байгаа. Монгол Ираны харилцааны түүх хэзээнээс эхтэй гэж үздэг вэ?

- Монгол Ираны харилцаа 2,000 гаруй жилийн түүхтэй. Энэ нь Ираны түүхэн бичвэрүүд болон Ноён ууланд буй Хүннүгийн үеийн булшнаас гарсан Перс хивснээс харагддаг. Өнгөрсөн зун манай археологичид бас Персийн хаан Кавадын дүрс бүхий зоосыг Хүннүгийн үеийн булшнаас олж одоо судалгааны ажил үргэлжилж байна. Хүннүгийн үед Перстэй холбоотой байсан хэд хэдэн дурсгалууд ийнхүү олдоод байна.

 Монгол Ираны харилцаа 2,000 гаруй жилийн түүхтэй.

Үүний дараа Чингис хааны байлдан дагуулалтын үед Перст хийсэн аян дайны тухай Монголын нууц товчоонд бичиж тэмдэглэсэн байдаг. Тэр үеийн Монголууд Персийн талаар өргөн мэдээлэлтэй байсан нь түүхийн баримтуудаас харагддаг. 

-Монголын Иль Хант улс одоогийн Иран улсын нутаг дэвсгэр дээр хэчнээн жил оршин тогтносон бэ?

-X, XI зууны үед Хорейзм улс дунд Азийг, Персийг бүхэлд нь эзэлсэн байна. Хорейзмын улс нь исламын шашны суннит урсгалыг баримталдаг байсан бол Ирануудын ихэнх нь шийт урсгалыг баримталдаг байж. Тухайн үед суннитүүд шийтүүдээ хавчин гадуурхаж, хоморголон устгадаг байсан байгаа юм. Түүнчлэн бага Азиас очсон Туркууд Иранчуудыг даралдаг байсан гэх баримтууд ч бий. Тэр үед Монголын цэрэг очиж Иранчуудыг дарангуулал, хавчлагаас чөлөөлсөн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Ираны шийтүүдтэй гэрээ байгуулж тэдний дэмжлэгийг авч чадсан учраас Монголын Иль Хант улс байгуулагдсан гэж үздэг.

1256 онд Монголын Иль Хант улс байгуулагдаж том хаадаар тооцвол 88 жил оршин тогтносон байдаг. Тус улс бутарсны дараагаас Монгол угсааны хаадаар нарийн тооцвол 200 орчим жил оршин байсан гэх үндэслэлтэй.


Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, Исламын Бүгд Найрамдах Иран улсын эрдэмтдээс гадна Япон, Солонгос, Казахстан, ОХУ, БНХАУ, БНТУ, БНЭУлс гэсэн есөн орны эрдэмтэд оролцох ажээ. 

Мөн эрдэм  шинжилгээний хуралд зориулсан доктор О.Нямдаваа, зураач С.Чулуунбаатар нарын бүтээл, цуглуулгын “МОНГОЛ ИЛЬ ХАНТ УЛС” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Төрийн түүхийн музейд 15:00 цагт болох гэж байна.