Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Диско" буюу Монголын шинэ баячууд

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 6 сарын 23
iKon.MN

Германы гэрэл зурагчин Свен Зеллнер орчин үеийн Монголын тухай хэд хэдэн төсөл хэрэгжүүлжээ.

Тэдгээр дотроос Монголын шинэ баячуудын тухай төсөл нь сонирхол татсан юм. Ингээд түүний гэрэл зургууд болон түүндээ зүүсэн тайлбар нийтлэлийг нь хүргэж байна.

Гэрэл зургуудыг өөрийнх нь Сайтаас үзэж болно. Харин тайлбар нийтлэлийг нь орчуулан хүргэж байна.


Монгол Диско

Монгол Улс бол Чингис хаан болон нүүдэлчдийн эх орон. Гэвч Улаанбаатрын дээд зиндааныхан уламжлалт энгийн амьдралаа мартан тансаглалд умбаж байгаа хэдий ч камерны өмнө гарахаас болгоомжилдог.

Улаанбаатарт маш хүйтэн байна. Үстэй малгай өмссөн хэдий ч танилыгаа хүлээн гудамжний үзүүрт зогсох зуур хөлдөх шахлаа. Танил маань Монголд нөлөөтэй нэгэн. Миний баян Монголчуудыг сурвалжлах төсөлд түүнийг тусална гэдэгт найдаж байгаа юм.

Тэр тэднийг бүгдийг нь таних тухайгаа, Роллс Ройс машин болон Солонгосоос оройн хоолонд нисдэг тэргээр ирдэг эрхмүүдийн тухай зөндөө түүх ярьж өгсөн юм.

Эдгээр нь ч үнэхээр миний сонирхож байсан зүйлс мөн тул би тэдэнтэй уулзуулж өгөхийг гуйлаа. Гэтэл танил маань эрс татгалзаж намайг энэ санаагаа мартахыг зөвлөв. Ингэх нь маш их эрсдэлтэй бөгөөд түүнд өөрт нь ч гай болно гэв.

Би бүр дахин Монголд ирэх боломжгүй ч болж мэдэх гэнэ.

Би ч түүнийг хэтрүүлж байна гэж бодож байлаа.

Мөн танил маань Монголын сэтгүүлчид тэднийг доромжилсон, цуурхал тараасныхаа төлөө шийтгүүлдэг гэж анхааруулав. Гэхдээ би ямар авлигын хэргийг нь мөрдөж байгаа биш гэж бодож байлаа.

Хот өөрчлөгдөж байна. Чингис хаан, 800 жилийн түүхтэй нүүдэлчдийн соёл, Германаас дөрөв дахин том газар нутаг, гурван сая хүрэхгүй хүн ам, уул уурхайн салбарын тэсрэлт, үсрэнгүй хөгжиж байгаа нийслэл хот, энэ бүгд бол Монгол Улс юм.

Удахгүй хүн амын тал нь Улаанбаатарт амьдрах энэ эрчимтэй хөгжлийг би ойлгоход хэцүү.

Нүүдэлчин амьдралаас хотжих хурдтай явцын дүнд аравхан жилийн дотор автомашины тоо гурав дахин нэмэгдэж, хүн ам 700 мянгаас 1.2 саяд хүрч, бохирдлын хэмжээгээр дээд амжилт тогтоон, Централ тауэр, Блю Скай мэтийн тэнгэр баганадсан барилгууд босчээ.

Монгол орон байгалийн баялгийнхаа хүчинд дэлхийн хамгийн хурдтай өсөж буй эдийн засагт тооцогдох болжээ.

Үүний үр дүнд Оросын олигархууд шиг шинэ баячуудын давхарга бий болсон байна. Гэхдээ ялгаа нь тэд нууцлаг амьдралыг илүүд үздэг.

Ерээд оны үед Монгол Улс Зөвлөлтөөс улс төрийн хувьд хамааралгүй болж чадсан.

Тэр үед төрийн их хэмжээний хөрөнгийг цөөхөн хэдэн хүн өмчилж авчээ.

Монголын байгалийн баялгийн талаар Оросуудын мэдлэг ч сайн байж.

Энэ өөрчлөлттэй зэрэгцээд Монголын эрх мэдэлтнүүд энэ мэдлэг, мэдээллийг ашиглан уул уурхайн лицензүүдийг гартаа оруулжээ.

Харин тэр үед түүхий эдийн үнэ тийм ч өндөр байгаагүй юм. Одоо бол өөр хэрэг.

Зөвлөлтүүд гарч явсны дараа харьцангуй богино хугацаанд ардчилсан нийгэмд гайхмаар тайван замаар шилжжээ. Хэдий тийм боловч Москвагаас авдаг байсан санхүүгийн дэмжлэг нь алга болов.

Харин уул уурхайн хөгжил, гадаадын хөрөнгө оруулалтын дүнд л энэ улс эргэж хөл дээрээ зогссон юм. Гэхдээ ингэж хурдтай хөгжсөний дүнд инфляц эрс өсчээ. 2010 оны зуднаар малынх нь дөрөвний нэг үрэгдэж махны үнэ хоёр дахин өсөв. Хотод бүх бараа, үйлчилгээний үнэ өсчээ. Зудны үр дүнд бэлчээр хомсдож, зэрэгцээд уул уурхайгаас үүдэлтэй усны хомсдол бий болов. Ингэснээр малчид хот руу нүүдэллэн гэр хорооллыг бий болгосноор хүн амын гуравны хоёрыг нь бүрдүүлэх болжээ.

Олон тооны нүүрсээр галладаг зуухны улмаас агаарын бохирдол ихэсч эрүүл мэндэд ноцтой заналхийлэх болов. Баян хоосны ялгаа нэмэгдэж, орон гэргүйчүүд, ажилгүйчүүд эрс нэмэгджээ.

Ардчилсан намын улс төрч, хуучин мэргэжлийн сумоч байсан Кёкшүзан Нобору хэлэхдээ “Монгол бол хурдтай хөгжиж байгаа маш хүчирхэг улс. Гэхдээ энд дундаж давхарга гэж байхгүй, зөвхөн дээд ба доод давхарга байгаа нь том асуудал болоод байна” гэлээ.

Яагаад Монголын баячуудын зургийг авч болохгүй талаар асуухад Профессор С. Молор-Эрдэнэ “Эд баялаг болгоны цаана гэмт хэрэг нуугдаж байгаа” гэж хариулсан юм.

Дал гаруй сая долларын авлигын хэргээр шийтгүүлсэн экс ерөнхийлөгч, ерөнхий сайд ноён Н.Энхбаярыг дэмждэгийнхээ хувьд тэр үүнийг сайн мэдэх нь аргагүй.

Залуухан саятан Т.Батбилэг Монголын парламент одууд, алдартнуудаас бүрдсэн тул улс орныг удирдах чадваргүй гэж тодорхойлов.

Өөр нэг хөрөнгөтэй эрхэм А.Урангоо Холливууд хэв маягт татагддагаа хэлж зүүлт гоёл нь түүнийг муу эрчим хүчнээс хамгаалдаг тухай ярилаа.