Москва хороолол, Чингисийн талбайн замыг хаана!
- Тавдугаар сарын 3-н буюу Бямба гарагт хаагдах замууд -
Москва хорооллын өмнөх замыг ХОЁР ХОНОГ хаана
Сонгинохайрхан дүүрэгт байрлах Москва хорооллын урдуур явах замын хойд урсгалыг тавдугаар сарын 03-ны 23:00 цагаас тавдугаар сарын 05-ны 06:00 цаг хүртэл хаана.
Учир нь энэ хэсэгт замын сэтэлгээний ажил хийхээр болжээ.
Энэ хугацаанд Хархорин захын баруун талын буцаж эргэдэг гарцны хойд талын зорчих хэсгийг хааж, урд замыг сөрөг хөдөлгөөнтэй болгох юм байна.
Иймээс жолооч та Сүлжмэл ХХК-ийн урд талын буцаж эргэдэг гарцаар эргэж хойд урсгалдаа орж зорчино.
Чингисийн талбайн хажуугийн замыг түр хаана
“Монгол цэргийн жавхаа” уралдааны төгсгөлийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш Чингис хааны талбайд болохоор бэлтгэл ажлаа хангажээ.
Энэ үйл ажиллагаатай холбогдуулан Чингисийн талбайн хажуу талын замын хөдөлгөөнийг 10:00-15:00, 20:00-23:00 цагийн хооронд хоёр ээлжээр хаах юм байна.
Харин “Монгол цэргийн жавхаа” уралдаан, ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн иргэд автомашинаа төв талбайн ойролцоо байдаг авто зогсоолуудад үнэ төлбөргүй байрлуулах боломжтой аж.
Төв шуудангийн арын зам, Хангарьд ордны орчим, Гутлын 22-ын замын хөдөлгөөн зохион байгуулалтад орно
Жигжиджавын гудамжны орчмын замын хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор хөдөлгөөн зохион байгуулалтыг хийж, тэмдэг тэмдэглэгээ шинээр хийж байна.
Ингэснээр Төв шуудангийн арын зам, Хангарьд ордны орчим, Гутлын 22-ын замын хөдөлгөөн зохион байгуулалтад орно.
Энэ хэсэгт зөвшөөрөгдсөн зогсоолоос бусад зам талбайд тээврийн хэрэгсэл байршуулахыг хориглох юм байна.
Харин зохиомол түгжрэл үүсгэж дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх болохыг Нийслэлийн автозамын газраас анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

