Нам нь сонгуульд ялбал насанд хүрсэн Америк хүн бүрд $5,000 өгөхөө ерөнхийлөгч Трамп амлав
Даллас хотод үргэлжилж буй Бүгд Найрамдах Намын үндэсний чуулганы үеэр Лхагва гарагийн орой АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн кампанит ажлаа өвөрмөц амлалтаар эхлүүлжээ.
Түүнийг өөрийн хоёр дахь бүрэн эрхийн хугацааг “Энэ бол санхүүгийн болон бусад бүх талаараа бүх үеийн ерөнхийлөгч нарын засаглалын түүхэнд хамгийн амжилттай хоёр жил байлаа” гэж хэлэхэд чуулганд оролцогчид “USA! USA!” хэмээн уухайлж байв.
Бараг хоёр цаг үргэлжилсэн илтгэлийнхээ үеэр Трамп хэрвээ завсрын сонгуульд Бүгд Найрамдах Нам ялбал насанд хүрсэн хүн бүрд $5,000 олгохоо амлаж, үүнийгээ “Трампын ногдол ашиг” гэж нэрлэжээ.
Уг мөнгийг зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэрт зарцуулах ёстойг тэр бас тайлбарласан байна.
“Насанд хүрсэн хүн бүрд $5,000 олгоно. Ганцхан болзол нь бидний олгож буй энэ ногдол ашгийг заавал Америкийн Нэгдсэн Улсын нутаг дэвсгэрт зарцуулах ёстой” гэж Трамп хэлжээ.
Трампын илтгэл голчлон дотоодын асуудлуудад төвлөрсөн ч худалдааны дайн, импортын татвар, Ираны асуудал, цагаачлалын бодлогод бас нэлээд хугацааг зарцуулсан юм.
“Би ‘импортын татвар’ бол миний хамгийн дуртай үг гэж хэлэхэд худал мэдээлэл түгээгчид галзуурах шахаж байсан. Тэд хайр юу юм бэ? эхнэр хэн юм бэ? Бурхан, гэр бүл юу юм бэ? гэж асууцгааж байсан. Тиймээс ‘импортын татвар’ гэдэг үгийг би дуртай үгсийнхээ жагсаалтын тавдугаарт шилжүүлсэн” гэж Трамп хошигнож байв.
Трамп бас Хятад улсын талаар илтгэлдээ хэд хэдэн удаа дурдсан юм.
“Хоёр долоо хоногийн дараа Хятадын ерөнхийлөгч айлчлан ирнэ. Би Хятадад байхдаа нэг барилгыг харж байсан. Түүнийг Хятадын Ардын Их Хурлын Ордон гэдэг. Энэ бол сүрлэг том танхим л даа. Гэхдээ бид түүнээс ч илүү томыг босгож болно. Бид түүнийг давах болно гэдгийг та нар мэдэж байгаа” гэж хэлсэн нь одоо Цагаан ордны өргөтгөл болгон барьж буй хүлээн авалтын танхимыг хэлсэн хэрэг байлаа.
Намын үндэсний чуулган Пүрэв гарагийн орой хаагдах бөгөөд энэ үеэр Трамп бас оролцож, үг хэлэх төлөвтэй байна.
Уг арга хэмжээнд дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, засгийн газрын хэд хэдэн өндөр албан тушаалтан, Конгрессын удирдлагууд болон сонгуулийн нэр дэвшигчид оролцож байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

