Серби улсыг олон жил удирдсан Александр Вучич сонгуулиар оюутнуудын хөдөлгөөнд ялагдсанаа хүлээн зөвшөөрлөө
Ням гарагт болж өнгөрсөн сонгуульд Сербийн улс төрд удаан хугацаанд ноёрхсон Александр Вучич ялагдсанаа хүлээн зөвшөөрлөө.
Энэхүү сонгуульд тэр болон түүний баруун жигүүрийн нам засгийн газрынх нь эсрэг сүүлийн хоёр жилийн турш тэмцсэн оюутнуудын тэргүүлсэн хөдөлгөөнтэй өрсөлдсөн юм.
Оросын ерөнхийлөгч Владимир Путиний дэмжлэгийг авч, мөн оюутнуудын хөдөлгөөнийг “өөрийг нь эрх мэдлээс зайлуулах гэсэн гадаадынхны оролцоотой явуулга" хэмээн буруутгаж ирсэн Вучич 14 жилийн турш бараг үнэмлэхүй эрх мэдлийг гартаа атгаж байсны эцэст унасан нь Балканы хойгийн энэ улсад улс төрийн томоохон эргэлт болж байна.
Ням гарагт Сербийн 6.4 сая сонгогч 250 гишүүнтэй парламентад суух хууль тогтоогчдыг сонгосон юм.
Ялагдлаа хүлээн зөвшөөрч үг хэлэхдээ Вучич өрсөлдөгч болох залуучуудын дэмжлэгтэй "Оюутны жагсаалт" эвсэл 135-140 суудал, харин түүний баруун жигүүрийн үзэл баримтлалтай Сербийн Дэвшилтэт нам (SNS)105 орчим суудал авах төлөвтэй байгааг мэдэгджээ.
"Оюутны жагсаалт яллаа" гэж Вучич дэмжигчдэдээ хэлсэн ч өөрийнх нь намын ялагдалд Сербийн хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Европын тодорхойгүй улс орнуудын хөндлөнгийн оролцоо, мөн "Америкийн далд төр" (American deep state) буруутайг мэдэгдсэн байна
Вучичийн хэлснээр түүний SNS нам 1.7 сая орчим санал авсан бол "Оюутны жагсаалт" 2.2 сая орчим санал авчээ.
Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа "Оюутны жагсаалт"-ыг дэмжигчид Белград болон бусад хотуудын гудамж талбайд баяр хөөрөө тэмдэглэж, "Александр явлаа" хэмээн уухайлан хашхиралдаж байв.
Вучич Сербийн ерөнхийлөгчийн албан тушаалыг бараг хоёр бүрэн эрхийн хугацаанд хашсаны эцэст энэ сонгуулиар тус улсын ерөнхий сайд болох зорилготой байв. Тэрбээр сонгуулийн кампанит ажлыг удирдахын тулд өнгөрсөн сард ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон юм.
2024 онд Нови Сад хотын төмөр замын өртөөнд бетонон дээвэр нурж, 16 хүн амиа алдсан хэрэг гарснаас хойш Вучичийн дэмжлэг суларч эхэлжээ. Энэхүү эмгэнэлт явдал залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөнийг өрнүүлсэн бөгөөд тэд уг ослыг өртөөний шинэчлэлийн явцад гарсан авлига, танил тал харсан томилгоотой холбон буруутгаж байв.
Эсэргүүцлийн хөдөлгөөнүүд өрнөж байхад ч Сербийн сонгогчдын дунд Вучич нэлээд хүчтэй дэмжлэгтэй хэвээр байлаа. Дэмжигчид нь түүнийг дэлхий нийтийг хамарсан тогтворгүй байдлын үед улс орноо зөв чиглүүлж чадах хүчирхэг удирдагч гэж үздэг байсан бөгөөд энэ дүр төрхийг гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд амжилттай бүрдүүлж өгсөн юм.
Улам бүр дарангуйлагчийн хэв шинжтэй болж байсан Вучич өмнө нь Сербийн тархай бутархай сөрөг хүчнийхнийг улс төрийн тоглоомоор амархан ялж ирсэн ч тодорхой удирдагчгүй залуучуудын хөдөлгөөн түүний хувьд хүнд хэцүү өрсөлдөгч болж хувирсан байна.
Энэхүү хөдөлгөөн нь түүний нам засгийн эрхэнд гарснаас хойших 14 жилийн хугацаанд хэний ч хийж чадаагүй зүйлийг хийж, эрх мэдлийг ганхуулж чадсан юм.
"Оюутны жагсаалт" хэмээх шинээр байгуулагдсан хөдөлгөөнийг их сургуулийн оюутнууд санаачилсан боловч тэдний хэн нь ч сонгуулийн нэр дэвшигчдийн жагсаалтад ороогүй байна. Харин тэдний нэр дэвшигчид нь олон нийтэд төдийлөн танигдаагүй мэргэжилтнүүд, тамирчид, тариаланчид болон уран бүтээлчид байв.
Сонгуулийн кампанит ажлын үеэр оюутнууд Сербийн эдийн засгийг сэргээн босгох, ардчиллыг сэргээн тогтоохын төлөө тэмцэхийг уриалж байлаа. Европын орнуудад залуучууд болон оюутнуудын бухимдал нэмэгдэж буй үед энэ нь томоохон үлгэр дуурайл болж магадгүй байна.
Сонгуулийн ирцийг 2000 оноос хойш Сербид байгаагүй хэмжээнд буюу 70 орчим хувьд хүрч магадгүй гэж ажиглагчид таамаглаж байв. Сонгогчид маш идэвхтэй байж, санал авах байруудад урт дараалал үүссэн юм.
Сонгуулийн бие даасан ажиглагчид Ням гарагт сонгогчдод дарамт учруулах, саналын хуудасны зураг авах, санал худалдаж авахыг оролдох гэх мэт олон арван зөрчил гарсан тухай мэдээлсэн байна.
Олон улсын болон орон нутгийн сонгуулийн ажиглагчид сонгуулийн аюулгүй байдал, шударга байдлын талаар санаа зовж байгаагаа илэрхийлж байлаа.
Учир нь Сербид болсон өмнөх сонгуулиудын үеэр маргаан зөрчил нэлээд гардаг байсан юм.
Энэ оны эхээр Сербийн 10 бүс нутагт болсон орон нутгийн сонгуулийн үеэр сэтгүүлчид болон идэвхтнүүд халдлагад өртөж байв. 2023 онд болсон парламентын сонгуулийн дараа сөрөг хүчнийхэн сонгуулийг луйвардсан гэсэн үндэслэлээр эсэргүүцлийн ажиллагаа өрнүүлж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

