Франц даяар 400,000 гаруй хүн засгийн газрын эсрэг жагсаалд нэгдэв

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бямба гарагт Франц даяар хоёр дахь удаагаа засгийн газрын эсрэг томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдахад 400,000 гаруй хүн оролцжээ.

Энэ өдөр Парис хотод болсон жагсаал мөргөлдөөнөөр өндөрлөсөн байна. Сургуулийн санхүүжилт болон амьжиргааны өртөг огцом нэмэгдсэнийг эсэргүүцсэн энэхүү тэмцэл ерөнхийлөгч Эммануэл Макроны хувьд том сорилт болсон юм. Засгийн газрын мэдээлснээр цагдаа нар 1,000 орчим хүнийг баривчилжээ.

Долоо хоногийн өмнө болсон эхний жагсаал орон даяар үймээн самуун, дээрэм тонуул, хүчирхийлэл дэгдэхэд хүргэсэн юм.

Парисын жагсаал энэ удаа тайван эхэлсэн боловч төгсгөлдөө эмх замбараагүй байдал үүсгэжээ. Жагсаалын төгсгөлийн цэг болох хотын зүүн хэсэгт нүүрээ халхалсан тэмцэгчид цагдаа нарын зүг эд зүйлс, салют шидэж эхэлсэн бол цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч хий, дүлийрүүлэгч гранат, усан буу ашигласан байна.

Дотоод хэргийн яамны мэдээлснээр орон даяар 410,000 хүн жагсаалд оролцсон нь өнгөрсөн амралтын өдрүүдэд бүртгэгдсэн 550,000 хүнээс цөөн байжээ. Харин Бямба гарагийн жагсаалуудыг зохион байгуулалцсан CGT үйлдвэрчний эвлэл 800,000 орчим хүн оролцсон гэж мэдээлсэн байна. Дотоод хэргийн яамны тооцоогоор Парис хотод 110,000 хүн оролцсон бол CGT-ийн мэдээлснээр 250,000 хүн жагсжээ.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэхүү үймээн самуун нь Макроны бүрэн эрхийн хугацааны сүүлийн саруудад томоохон сорилт болж байна.

Ахлах сургуулиудын санхүүжилтийг нэмэх, багш нарын тоог нэмэхийг шаардсан эсэргүүцлийн жагсаалаар анх эхэлсэн уг тэмцэл сар гаруй хугацаанд үргэлжилж байгаа.

Ирэх оны тавдугаар сард болох ээлжит сонгуулиар Франц улсын дараагийн ерөнхийлөгч сонгогдох юм.

Сөрөг хүчнүүд ч иргэдийн энэ тэмцлийг ашиглан байр сууриа өсгөхийг зорьж байна.

Хэт барууны үзэлтэй "Үндэсний нэгдэл" нам засгийн газрыг ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадаагүй хэмээн буруутгаж, иргэдийг уур хилэнгээ тус намын нэр дэвшигч Марин Ле Пэнд санал өгөх замаар илэрхийлэхийг уриалжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, хэт зүүний үзэлтэн Жан-Люк Меланшон жагсагчдыг дэмжиж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шүүмжилж байна. Цагдаа нарын авсан арга хэмжээний улмаас өсвөр насны зарим жагсагч насан туршдаа тахир дутуу болох хүнд гэмтэл авсан юм.

Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр цагдаа нар Лион, Клермон-Ферран, Страсбург, Бордо хотуудад нулимс асгаруулагч хий, харин Ницца, Нант хотуудад усан буу ашиглажээ. Бүс нутгийн эрх баригчдын мэдээлснээр Ницца хотын төвд хэт барууны үзэлтнүүд жагсагчидтай мөргөлдсөний улмаас 11 хүн баривчлагдсан байна.

Дотоод хэргийн сайд Лоран Нюньес цагдаа нар 1,000 орчим хүнийг баривчилсныг мэдэгдээд цаашид тоо баримтыг нэгтгэх явцад энэ нь эрс өсөх төлөвтэй байгааг анхааруулжээ.

Нисдэг тэрэг, хуягт машин болон бусад техник хэрэгслээр дэмжигдсэн 70,000 цагдаагийн алба хаагч ажиллаж, өмнөх амралтын өдрүүдэд гарсан шиг дээрэм тонуул, эд хөрөнгөд хохирол учруулсан халдлага дахин гарахаас сэргийлж чадсаныг тэр мэдээлсэн байна.

Парисаас зүүн өмнөд хэсэгт орших нэгэн ахлах сургуульд багшийн хүрэлцээ муу байгааг эсэргүүцсэн жижиг жагсаал өнгөрсөн сард эхэлсэн нь ийнхүү өргөн хүрээтэй эсэргүүцлийн арга хэмжээ болж өргөжсөн юм.

Францын Үндэсний Статистикийн Хүрээлэнгийн (INSEE) мэдээлснээр тус улсад есдүгээр сард эрчим хүчний үнэ өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар өссөн нь инфляцыг 3.1 хувьд хүргэхэд нөлөөлжээ.

Баасан гарагт Макрон ахлах сургуулийн төлөөлөгчидтэй уулзахдаа их сургуульд элсэх журмыг бүрэн шинэчлэхээ амласан юм. Гэвч тодорхой арга хэмжээнүүдийг зарлах хүртэл эсэргүүцлийн ажиллагаагаа үргэлжлүүлэхийг тэмцэгчид мэдэгджээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Франц даяар 3,000 орчим дэлгүүр тоногдож, эвдэн сүйтгэгдсэн юм.

Лувр, Орсе музей, Пикассогийн музей, мөн Сезанны үзэсгэлэн дэлгэгдээд буй Гран-Пале зэрэг томоохон музейнүүд Бямба гарагт хаалгаа барьсан байна.

Жагсаал тэмцлийн улмаас 2017 онд анх сонгогдсон төвийн үзэл баримтлалтай ерөнхийлөгч Эммануэл Макроны олон нийтийн үнэлгээ түүхэн доод хэмжээндээ хүртэл унажээ.

 

Эх сурвалж: AFP