Японд хэт халж байгаатай холбоотойгоор сүмогийн зуны тэмцээний тоог цөөрүүлэхээр төлөвлөжээ
Японд цаг агаарын хэт халах үзэгдэл нэмэгдэж байгаа нь олон хүний санааг зовоож буй. Уур амьсгалын өөрчлөлт арлын улсад хэт халуун үзэгдлийн давтамжийг нэмэгдүүлж байгааг эрдэмтэд сануулж байгаа юм.
Сүмо бөхчүүд наймдугаар сарын турш Японы олон хотоор аялж, тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай.
Тэгвэл бөхчүүдийн эрүүл мэндэд анхаарах үүднээс уг тэмцээний хуваарьт өөрчлөлт оруулахаар болжээ.
Олон хотод янз бүрийн газраар тэмцээн зохион байгуулахад хүндрэл их тохиолддог талаар зохион байгуулагчид онцолжээ. Зарим ордонд бөхчүүдийн хувцас солих өрөө, бэлтгэлийн танхимд агааржуулагч огт байдаггүй талаар орон нутгийн хэвлэлд бичиж байв.
Тиймээс ирэх жилээс иймэрхүү жижиг тэмцээн зохион байгуулах тоог эрс бууруулахаар төлөвлөж байгаа юм. Тодруулбал өмнө нь 90 орчим хоног байсан бол 70 болгож бууруулах аж.
Японд жил бүр халуунаас болж 1,300 орчим хүн нас бардаг. Рагбийн тамирчин Саймони Вуниглаги энэ сарын эхээр хүнд хэлбэрийн халуунд цохиулсан шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан харамсалтай явдал тохиолдсон юм.
Тиймээс Японы сүмогийн холбоо бөхчүүдээ олон давтамжтай аялуулахаас сэргийлж, нэг хотод хоёр, гурав хоногийн тэмцээн хийх зэргээр өөрчлөлт оруулах бололтой.
Эх сурвалж: France 24
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

