Сири, Орос улсууд 18 сарын турш хэлэлцсэний эцэст Тартус, Хмеймим баазуудын асуудлыг шийдвэрлэх тохиролцоонд хүрэв

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сири, Орос улсууд 18 сарын турш эрчимтэй хэлэлцсэний эцэст Тартус, Хмеймим дэх баазуудыг цаашдаа хэрхэн ашиглах талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсныг Дамаскийн албан ёсны эх сурвалж Ням гарагт мэдээлжээ.

Уг мэдэгдэлд өгүүлснээр Сири улс цаашдаа Хмеймим дэх нисэх онгоцны буудал, Тартус боомт дахь арилжааны зогсоол зэрэг иргэний байгууламжуудын удирдлагыг гартаа авч, аажмаар тус улсын засгийн газрын өмчлөлд шилжүүлэхээр болсон байна.

Харин цэргийн зориулалттай байгууламжуудыг хоёр улс хамтарсан сургалт, мэргэшлийн төв болгон ашиглахаар тохиролцож, зориулалтыг өөрчлөх ажлыг гурван сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ.

Тартусын тэнгисийн боомт, Хмеймимийн агаарын бааз нь Оросын зэвсэгт хүчин Газар дундын тэнгис, Ойрх Дорнодод үйл ажиллагаа явуулах гол түшиц газар байсаар ирсэн юм.

Гэвч 2024 оны арванхоёрдугаар сард Башар аль Ассадын дэглэм нурсны дараа эдгээр нь Сирийн шинэ удирдлагатай тохиролцох нэг асуудал болж байв.

Сирийн Боомт, Гаалийн ерөнхий газрын мэдэгдэлд Сири улс Тартус боомтод өмнө нь Оросын талын ажиллуулж байсан арилжааны байгууламжууд, түүний дотор усан онгоцны дөрөвдүгээр зогсоолыг мэдэлдээ шилжүүлж авахаар болсныг дурджээ.

Өнгөрсөн сард Оросын тал уг зогсоолыг ашиглан худалдааны ложистикийн төв байгуулах хүсэлтэй байгааг эх сурвалж мэдээлж байсан юм.

 

Эх сурвалж: Reuters