Ираны дээд удирдагч Али Хамени алагдсан явдалд ОХУ-ын ерөнхийлөгч Путин гүн эмгэнэл илэрхийлэв

Т.Давааням, ikon.mn
47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн холбоотон Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени алагдсан явдалд “гүн эмгэнэл” илэрхийлжээ.

“Хүмүүний ёс зүй, олон улсын эрх зүйн бүх хэм хэмжээг ноцтой зөрчин Исламын Бүгд Найрамдах Иран Улсын дээд удирдагчийн амь насыг хөнөөсөн аллагад гүн эмгэнэл илэрхийлье” гэж Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкианд бичсэн захидалдаа Путин өгүүлсэн байна.

“Аятолла Али Хамени нь Орос-Ираны найрсаг харилцааг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан гайхалтай төрийн зүтгэлтэн гэдгээрээ манай улсад дурсагдах болно” гэж тэр захидалдаа цааш нь бичжээ.

Ням гарагт ОХУ-ын гадаад хэргийн яам бас Хамени болон Ираны бусад удирдагчдын үхлийн тухай мэдээг Москва “дургүйцэл, гүн харамсалтайгаар хүлээж авснаа” мэдэгдээд “улс төрийн аллага, тусгаар тогтносон улсуудын удирдагчдыг ангуучлах явдлыг эрс, тууштай буруушааж байгаагаа” анхааруулсан юм.

Уг мэдэгдэлд “нөхцөл байдлыг нэн даруй намжааж, дайнаа зогсоож, улс төр, дипломат үйл явцад эргэн орох”-ыг сөргөлдөгч талуудад уриалжээ.

НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя уг байлдааны ажиллагааг “дипломат ёсноос урвасан хэрэг” хэмээн буруушааж, Иран улс цөмийн зэвсэгтэй болохоор ажиллаж байгаа гэх Өрнөдийн дүгнэлтийг “ямар ч үндэслэлгүй” гэж мэдэгдсэн байна.

Бямба гарагт болсон НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдаанд үг хэлэхдээ Небензя “Дипломат үйл явцад оролцох хүсэл сонирхлыг нь үл харгалзан Тегераны ар нуруунд хутгалсан” гэж АНУ, Израилийн эрх баригчдыг шүүмжилжээ.

Бямба гарагт Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчитай утсаар ярихдаа ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров “Ираны эсрэг мөргөлдөөнд оролцох сонирхолгүйгээ Израил улс өмнө нь батлан илэрхийлж байсанд Оросын тал хууртсан” гэж мэдэгдсэн байна.

Украины дайн эхэлсэн цагаас хойш Иран улс ОХУ-ын хамгийн ойрын түнш байсаар ирсэн юм.

2025 онд хоёр улс стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд үүнд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа багтаж байжээ.

 

Эх сурвалж: AFP