Пүрэв гарагт ОХУ-ын парламентын доод танхим буюу төрийн Думын хууль тогтоогчид Оросын армид алба хаасан гадаадын иргэдийг эх орондоо шийтгүүлэхээс хамгаалах хуулийн төслийг хэлэлцэж, дэмжжээ.
Өөрөөр хэлбэл тэднийг эх оронд нь шийтгэж, ял тулгасан тохиолдолд шилжүүлж өгөхийг хориглохоор болж байна.
Шинэ хууль цэргийн алба хаах хугацаа нь дууссан гадаадын иргэдэд мөн адил хамаарах гэнэ.
Одоо парламентын дээд танхим буюу Холбооны Зөвлөл уг хуулийн төслийг баталбал ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Сүүлийн үед Украины дайнд оролцсон гадаадын хэд хэдэн иргэн эх орондоо эрүүгийн хэрэгт холбогдсон нь Оросын эрх баригчдыг ийм арга хэмжээ авахад хүргэсэн бололтой.
Украины эсрэг дайнд гадаадын хэдэн иргэн оролцож байгаа талаар Оросын албаныхан одоогоор ямар нэг тоо баримт зарлаагүй байна.
Оросын армид Африк тивийн 26 улсын 1,780 орчим иргэн тулалдаж байгаа гэсэн тоог Лхагва гарагт Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига мэдэгдэж байв.
Африкийн хэд хэдэн улс саяхан иргэдийг нь дайны фронтод илгээх зорилготой хуурамч ажлын байр санал болгодог сүлжээ ажиллаж буй талаар иргэддээ анхааруулсан.
2024 онд Путин тус улсын армид цэргийн алба хаасан гадаадын иргэдэд Оросын иргэний харьяаллыг хялбарчилсан нөхцөлөөр олгох захирамжид гарын үсэг зурж байв. Гэхдээ ажиглагчид энэ арга хэмжээ гадаадын хөлсний цэргийн тоог нэмэгдүүлэхэд төдийлөн нөлөөлөөгүй гэж үздэг.
Украины эрх баригчид бас энэ дайны эхнээс гадаадын иргэдэд зэвсэгт хүчинтэйгээ хамт тулалдах боломж олгосон бөгөөд үүнд Гүрж, Азербайжан, Беларусь зэрэг хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд болон АНУ, Их Британи зэрэг өрнөдийн орнуудын иргэд хамрагдсан мэдээлэл бий.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!