Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ өдгөө Исэгахама дэвжээнийхээ ояката болсон билээ.
Тэгвэл түүнийг шавь нартаа гар хүрсэн гэх мэдээлэл Японы хэвлэлээр тараад буй.
Исэгахама ояката Осака хотод болсон бэлтгэлийн үеэр энэ талаар Японы Сүмогийн Холбоо тодруулга авсныг баталжээ. Энэ үеэр Г.Ган-Эрдэнэ болсон үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарласан байна.
Шавьдаа гар хүрснийхээ дараа ёкозүна асан өөрөө энэ талаар холбоонд мэдэгдэхээр шийдсэн аж.
Хэрэг явдлын дараахан дэвжээнийхээ цолтой бөхчүүд болох Хакүнофүжи, Нишикифүжи нарыг холбоонд очиж мэдүүлэг өгөхийг хүссэн байна. Ингээд тэр гурав банцүкэ зарласан өдөр буюу энэ сарын 24-ний өдөр болсон үйл явдлын талаар холбоонд мэдэгджээ.
Энэ талаар ёкозүна асан дэвжээнийхээ шавь нарт мэдэгдээд хариуцлага алдсандаа уучлалт гуйжээ. Тэрбээр сэтгүүлчдэд "Би холбоонд бүх болсон үйл явдлыг тайлбарласан. Одоо холбооноос ямар шийдвэр гаргахыг нь хүлээж байна. Тиймээс бүгд шийдвэр гарах хүртэл хүлээвэл талархах болно" гэсэн юм.
Багштайгаа таарамжгүй харилцаатай байгаа Хакүнофүжиг дээрх шалтгааны улмаас Осака хотод болсон нэгдсэн бэлтгэлд оролцохгүй байгаа гэж таамаглах хүн бий. Тэгвэл Хакүнофүжи өнгөрсөн тэмцээний үеэр бэртсэн зүүн хөлийнхөө бэртлийг бүрэн эдгээх зорилгоор бэлтгэлд оролцоогүй байна.
Сонирхуулахад Хакүнофүжи бол хүчирхийллийн хэргийн улмаас хаагдсан Миягино дэвжээний бөх байв. Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргалын шавь байхдаа Хакүохо нэрээр барилдаж байв.
Эх сурвалж: Livedoor News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!