Уншиж байна ...

АНУ-тай яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа Ким Жон Ун илэрхийллээ

Т.Давааням, ikon.mn
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр АНУ-ын засаг захиргаанд хандсан ховор мэдэгдэл гаргажээ.

Тухайлбал тэр зөвхөн Умард Солонгос цөмийн зэвсэгтэй улс болохыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд АНУ-тай яриа хэлэлцээ эхлүүлэх боломжтойг мэдэгдсэн байна.

Ким Жон Ун энэ үгийг Пёнян хотод таван жил тутамд зохион байгуулагддаг намын их хурлынхаа үеэр хэлсэн юм. Эндээс харвал тэр дөрөвдүгээр сард Хятад улсад айлчлах АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уг айлчлалынх нь үеэр уулзах боломжийг нээж байгаа бололтой.

Гэсэн хэдий ч Ким Жон Ун хөрш Өмнөд Солонгосыг өөрийн улсын “хамгийн гол дайсан” гэж нэрлэсэн нь хоёр Солонгосын харилцаа мөд сайжрахгүйг харуулсан хэрэг болжээ.

“Хэрвээ Вашингтон үндсэн хуульд заасан манай одоогийн байр суурийг (цөмийн зэвсэгтэй улсын статус) хүндэтгэж, мөн дайсагнасан бодлогоо өөрчилбөл бид АНУ-тай найрсаг харилцаа үүсгэхээс татгалзах шалтгаан байхгүй” гэж Ким Жон Ун эрх баригч Солонгосын Хөдөлмөрчдийн Намын есдүгээр их хурлын үеэр хэлснийг тус улсын төв хэвлэл мэдээлсэн байна.

Тэрбээр цааш нь АНУ-Умард Солонгосын харилцааны ирээдүй “АНУ-ын хандлагаас бүрэн хамаарна” гэж хэлжээ.

“Энх тайвнаар зэрэгцэн орших уу, эсвэл байнгын зөрчил мөргөлдөөнтэй байх уу, бид аль алинд нь бэлэн бөгөөд сонголт нь бидний хийх зүйл биш” гэж Ким Жон Ун хэлсэн байна.

Тэрбээр цааш нь Өмнөд Солонгосын эрх баригчдад хандаж хэлэхдээ “Сөүлийг эх орон нэгтнүүдийнхээ ангиллаас бүрмөсөн хасах болно” гэж сүрдүүлжээ.

“Өмнөд Солонгос бидэнтэй хиллэдэг геополитикийн нөхцөл байдлаас нэгэнт гарч чадахгүй тул тэдний аюулгүй оршин тогтнох цорын ганц арга зам бол бүх зүйлсээс татгалзаж, биднийг ганцааранг нь орхих явдал юм” гэж Ким Жон Ун хэлсэн байна.

Үүнийг зарим ажиглагчид Умард Солонгосын дэглэм Өмнөд Солонгосоор дамжихгүйгээр АНУ-тай шууд харьцах хүсэлтэй байгаагийн илрэл гэж дүгнэжээ.

Ким Жон Ун бас өөрийн цөмийн хөтөлбөрийн талаар хэлэхдээ “Бид цөмийн зэвсгийн тоог нэмэгдүүлэх, цөмийн арга хэрэгслийг өргөжүүлэх төслүүдэд анхаарлаа хандуулах болно” гэсэн байна.

Өнгөрсөн онд Стокхольмын Олон Улсын Энх Тайвны Судалгааны Хүрээлэн (SIPRI) гаргасан тайландаа Умард Солонгосыг 50 орчим цөмийн цэнэгт хошуутай, дахиад 40 хүртэл хошуу үйлдвэрлэхэд хангалттай хэмжээний материалтай гэж дүгнэж байв.

Өнгөрсөн онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын танилцуулсан дэлхий дахины аюулгүй байдлын хэтийн төлөв байдлын зураглалд Умард Солонгосыг цөмийн зэвсгээс салгах зорилт тусгагдаагүй байсан юм.

Уг нь ийм зорилт 2003 онд тус улс цөмийн хөтөлбөрөө зарласнаас хойш АНУ-ын бүх ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын стратегийн баримт бичигт тогтмол багтдаг байжээ.

Трампын 2017 онд танилцуулсан өмнөх зураглалд Умард Солонгосын нэр 16 удаа дурдагдаж, “АНУ-ын эсрэг цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй улс” гэж тодорхойлогдож байв.

Гэвч Ким Жон Ун цөмийн зэвсгээ хүлээн зөвшөөрөхийг шаардсаар ирсэн.

Тэрбээр есдүгээр сард өөрийн парламентад үг хэлэхдээ “Цөмийн зэвсгээс ангижруулах гэдэг үг хэдийнхээ утгаа алдсан. Бид цөмийн зэвсэгтэй улс болсон” гэж байв.

 

Эх сурвалж: BBC