Өмнөд Солонгосын засгийн газар 30 сая жуулчин татах зорилтынхоо хүрээнд өчигдөр аялал жуулчлалын салбарыг дэмжих багц төлөвлөгөөг зарлажээ.
Уг төлөвлөгөөг ерөнхийлөгч И Жэ Мюн, ерөнхий сайд Ким Мин Сок, засгийн газрын 15 агентлагийн сайд нар болон салбарын төлөөлөгчид оролцсон 11 дэх удаагийн аялал жуулчлалын стратегийн уулзалтын үеэр зарласан байна.
Өмнөд Солонгос улс 2025 онд 18 сая жуулчин хүлээн авч, цар тахлын өмнөх оргил үеийн 17 саяыг давсан ч хөрш Япон улстай харьцуулахад чамлалтай байгаа юм.
Иений ханшийн сулралын нөлөөгөөр өнгөрсөн онд Япон улс 43 сая жуулчин хүлээж авсан нь өмнөх жилээсээ бараг 16 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Өчигдөр зарласан төлөвлөгөөний хүрээнд Индонез улсаас ирэх гурваас дээш хүнтэй бүлэг жуулчдыг туршилтын хугацаанд визээс чөлөөлөхөөр болсон байна.
Одоогоор Япон, Сингапур, Австрали зэрэг 18 улсын жуулчдад нээлттэй байдаг хилээр нэвтрэх автомат гарцыг Европын Холбооны орнуудын иргэдэд нэмж нээхээр болжээ.
Үүнээс гадна Өмнөд Солонгост өмнө нь ирж байсан Хятад болон Зүүн Өмнөд Азийн орнуудын иргэдэд таван жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор болсон байна.
Эдгээр орнуудын томоохон хотуудын оршин суугчид 10 жилийн виз авах боломжтой болжээ.
Мөн Өмнөд Солонгосын засгийн газар агаарын тээврийн чиглэлүүдийг өргөжүүлж, нислэгийн тоог нэмэгдүүлж, нисэх буудлын автобус тээврийн үйлчилгээг шөнийн цагаар ажиллуулах зэрэг арга хэмжээг авахаар болсон байна.
Бас жуулчдыг байрлуулах зочид буудал, байрны хомсдолыг арилгахын тулд хуучны уламжлалт сууцнууд, сүм хийдүүд, тосгоны байшин барилгуудад чанарын баталгаа өгөх системийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Засгийн газар бас жуулчдад хэт өндөр үнээр үйлчилгээ үзүүлэх явдлыг цэгцэлж, журмыг дагаж мөрдөөгүй бизнес эрхлэгчдийн эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах гэнэ.
Ерөнхийлөгч И Жэ Мюний засгийн газар 2027-2029 онуудыг “Солонгост Зочлох Жил” болгон зарлаж байгаа бөгөөд энэ кампанит ажлын хүрээнд дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсон байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!