Уншиж байна ...

Кубын эргийн хамгаалалтынхан АНУ-д бүртгэлтэй завиар ирсэн дөрвөн хүний амийг хөнөөжээ

Т.Давааням, ikon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Куба улсын эргийн хамгаалалтын албаныхан АНУ-д бүртгэлтэй хурдан завиар зорчиж байсан дөрвөн хүний амийг хөнөөж, зургаан хүнийг шархдуулсан тухай тус улсын дотоод хэргийн яам мэдээлжээ.

АНУ-ын Флорида мужид бүртгэлтэй уг завийг Кубын Вилла Клара мужийн Фалконес Кэй хотоос хоёр километр орчим зайд ирэхэд нь эргийн хамгаалалтынхан илрүүлсэн гэнэ.

Эргийн хамгаалалтынхан завийг шалгахаар ойртох үед зорчигчид нь гал нээсний улмаас Кубын хөлөг онгоцны ахмад шархадсаныг дотоод хэргийн яам мэдээлжээ.

“Уг мөргөлдөөний улмаас гадаадын талаас дөрвөн түрэмгийлэгч алагдаж, зургаан хүн шархадсан” гэж тус яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Шархадсан хүмүүсийг завинаас нүүлгэн шилжүүлж, эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Кубын дотоод хэргийн яам өөрийн улсын усан хилийг хамгаалах үүргээ биелүүлснийг мэдэгдсэн байна.

Дээрх завь нь Кубаас төрөл төрөгсдөө гаргахыг оролдсон АНУ-ын иргэдийн өмч байсныг Нью-Йорк Таймс сонин албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Бүртгэлийн мэдээллээс харвал уг завь нь 1981 онд үйлдвэрлэгдсэн, гаднаа хөдөлгүүртэй, 7.3 метр урт Pro-Line үйлдвэрийн загас агнуурын завь юм байна.

Флорида мужийг төлөөлдөг Конгрессын гишүүн Карлос Гименез уг үйл явдлыг “аллага” гэж нэрлээд хохирогчид нь АНУ-ын иргэд, эсвэл хууль ёсны оршин суугчид байсан эсэхийг шалгах мөрдөн байцаалт явуулахыг уриалжээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл хомс байгаа ч энэ явдал “Куба улс хяналтаа алдахгүйн тулд хүч хэрэглэхэд бэлэн байгааг харууллаа” гэж Флоридагийн Олон Улсын Их Сургуулийн нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал Брайан Фонсека хэлсэн байна.

Дээрх хэрэг явдал АНУ болон Кубын хооронд хурцадмал байдал эрчимжиж буй цаг үетэй давхцаж байгаа юм.

Хоёр улс нь Флоридагийн хоолойгоор ердөө 160 км зайтай тусгаарлагддаг.

Энэ оны эхээр АНУ-ын тусгай хүчнийхэн Кубын гол холбоотон Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилж, эдийн засгийн бүслэлтээ улам чангаруулсан.

Үүнээс өмнө Куба улсын газрын тосны хэрэгцээний тал орчим хувийг Венесуэл хангадаг байсан юм. Газрын тосны ноцтой хомсдол Кубын эдийн засгийн уналтыг улам хурдасгах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: AFP