Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюний засгийн газар тус улсын нийслэл дэх орон сууцны үнийн хэт өсөлтийг хязгаарлахад нэлээд хүчин чармайлт гаргаж байгаа.
Өнөөдөр өглөө ерөнхийлөгч сошиал хуудсаараа дамжуулан Сөүл хотын олон орон сууц эзэмшигч иргэдэд ээлжит анхааруулгаа өгсөн байна.
Тэрбээр орон сууцны үнэ цаашдаа өсөх зах зээлийн хүлээлт суларч байгаа тухай мэдээний холбоосыг X хуудсандаа хуваалцаад “Иргэд үл хөдлөх хөрөнгийн зах зээл, ялангуяа Сөүл хотын орон сууцны зах зээлийн хэвийн бус байдлыг ойлгож, үүнийг зохицуулах хүчин чармайлтыг дэмжиж байна” гэж бичжээ.
“Засгийн газарт зохицуулалт, татвар, санхүү, нийлүүлэлт зэрэг үнийг тогтворжуулах хүчирхэг арга хэрэгслүүд бий. Асуудлын гол нь эрх баригчдад хүсэл эрмэлзэл, шийдэмгий байдал байгаа эсэхэд оршиж байна” гэж И Жэ Мюн цааш нь бичсэн байна.
Мөн иргэд олон орон сууц эзэмших, хөрөнгө оруулалтын зорилгоор өмчлөх эрхтэй ч “энэхүү хэвийн бус байдлыг зохицуулахтай холбоотой эрсдэл, хариуцлагаас зайлсхийж чадахгүйг” анхааруулжээ.
Түүний засгийн газар тавдугаар сард үл хөдлөх хөрөнгийн өндөр татвар үйлчилж эхлэхээс өмнө илүү орон сууцаа зарах өршөөлийн хугацаа зарласан юм.
Ерөнхийлөгч И Жэ Мюн дээрх хугацаанд багтаж илүү орон сууцаа зарахыг иргэдэд удаа дараа уриалж байгаа. Тэр бас олон орон сууц эзэмшигчдэд зориулсан зээлийн хугацааг сунгах, дахин санхүүжүүлэх журмыг хянаж үзэх даалгаврыг засгийн газар болон ерөнхийлөгчийн тамгын газарт өгсөн байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!