Уншиж байна ...

Мексик даяар картелын боссын амийг хөнөөсний дараах үймээн самуун, өшөө авалт үргэлжилж байна

Т.Давааням, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Мексикийн эрх баригчид хар тамхины хүчирхэг картел Халискогийн Шинэ Үеийнхний (CJNG) толгойлогч Эль Менчо хочит Немесио Рубен Осегуэра Сервантесыг баривчлах ажиллагааг АНУ-ын тагнуулын албаны өгсөн мэдээллийн тусламжтай зохион байгуулсан юм.

Энэ үеэр 59 настай Эль Менчо хүнд шархдаж, нийслэл Мехико хотод хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Тэрбээр Мексикийн эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн жагсаалтын тэргүүнд бичигдэж, $15 саяар толгойгоо үнэлүүлж байсан юм.

CJNG нь АНУ руу их хэмжээний кокаин, метафетамин, фентанил хууль бус аргаар гаргах ажлыг зохион байгуулдаг гэмт хэргийн байгууллага.

Мексикийн эрх баригчид Эль Менчогийн романтик харилцааны хамтрагчийг мөрдөх замаар Халиско мужийн Тапалпа хэмээх жижиг хот дахь нууц гэрийг нь олсон юм байна.

Түүнийг энд байх үед нь баривчлах ажиллагаа эхэлжээ. Модон дунд байдаг гэрийг нь цэргүүд бүсэлж, бие хамгаалагчидтай нь буудалцсан байна. Эль Менчо ойролцоох мод руу зугтсан ч шархадсаны улмаас баригджээ.

Ажиллагааны үеэр түүний долоон бие хамгаалагч алагдаж, хоёр цэргийн алба хаагч шархадсан тухай Мексикийн батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

зураг
 
зураг
 
зураг
 

Эль Менчо алагдсан тухай мэдээ тармагц Мексик даяар картелын гишүүдийн өшөө авалт эхэлжээ.

Тэд Халиско, Мичоакан болон бусад мужуудад цагдаагийн хэсгийн байруудад халдаж, автомашинуудыг галдан шатааж, Мексик даяар нийт 100 орчим гол замыг хаасан байна.

Энэ үеэр үндэсний гвардын 25 алба хаагч алагдаж, 14 алба хаагч шархадсаныг Мексикийн аюулаас хамгаалах яамны сайд Омар Гарсиа Харфуч мэдээлжээ. Картелын талаас 34 хүн болон нэг энгийн иргэн энэ үеэр алагдсан байна.

Мексик даяар 70 гаруй хүнийг баривчилжээ.

Батлан хамгаалахын сайд Рикардо Тревила Трехогийн мэдээлснээр Эль Менчогийн шадар хүн “Эль Тули” хочит Уго Сезар Масиас Уреньа өшөө авах ажиллагааг зохион байгуулж, алагдсан цэрэг бүрийн тоогоор картелын гишүүдийг шагнахаа амласан гэнэ.

Тэр өөрөө өчигдрийн мөргөлдөөний үеэр амиа алдсан байна.

Даваа гарагийн байдлаар эрх баригчид Мексик даяар хаагдсан бүх замыг нээж чадсанаа мэдээлжээ.

“Мексик улсад амар амгалан тогтсон, бид бүх мужуудад ажиллаж байна” гэж тус улсын ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум мэдэгдсэн юм.

Гэсэн хэдий ч Мичоакан мужид тээврийн хэрэгслүүдийг шатаах үйлдэл үргэлжилж, ихэнх мужуудад сургуулиуд хаалттай хэвээр байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Үймээн дэгдсэний дараа CJNG картелын төв оршдог Халиско мужийн захирагч Пабло Лемус Наварро нийтийн тээврийн үйл ажиллагааг зогсоож, мужийнхаа найман сая иргэнд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан юм.

 

Эх сурвалж: The Guardian