Уншиж байна ...

Венесуэлийн боомтоос зугтсан бас нэг хөлгийг АНУ-ын зэвсэгт хүчин удаан мөрдсөний эцэст Энэтхэгийн далайд саатуулав

Т.Давааням, ikon.mn
1 цаг 37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын зэвсэгт хүчин Венесуэлийн боомтоос зугтсан бас нэг газрын тос тээвэрлэгч хөлгийг олон хоног мөрдсөний эцэст Энэтхэгийн далайд саатуулсныг Ням гарагт Пентагон мэдээлжээ.

Венесуэлийн эрх баригчид нэлээд хэдэн жилийн турш АНУ-ын хориг арга хэмжээг гэтлэхийн тулд хуурамч далбаатай сүүдрийн флотын ачааны хөлгүүдийг газрын тос экспортлохдоо ашиглаж байсан юм.

Трампын засаг захиргаа өнгөрсөн оны сүүлээс эхлэн дээрх хөлгүүдийн шилжилт хөдөлгөөнийг Карибын тэнгист хаагаад байсан бол нэгдүгээр сарын эхээр ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа Венесуэлийн эргээс зугтсан тээвэрлэгчийн араас мөрдөж эхэлсэн юм.

Тэдгээрийн заримыг Карибын тэнгисээс гараагүй байхад нь саатуулсан бол заримыг нь далай дамнуулан мөрдсөний эцэст саатуулж байна.

Энэ удаа Ирантай холбоотой, Панамын далбааг ашигладаг Veronica III нэртэй хөлгийг Энэтхэгийн далайд саатуулжээ.

Өнгөрсөн долоо хоногт Оросын газрын тосыг тээвэрлэдэг хөлгийг бас Энэтхэгийн далайд саатуулж байсан юм.

“Уг хөлөг нь ерөнхийлөгч Трампын хоригийг зөрчиж, зугтахыг оролдсон юм. Бид түүнийг Карибын тэнгисээс Энэтхэгийн далай хүртэл мөрдөж, гартаа орууллаа” гэж Пентагоны мэдэгдэлд өгүүлжээ.

Мэдэгдэлдээ АНУ-ын цэргүүд хөлгийн тавцан дээр бууж буйг харуулсан дүрс бичлэгийг хавсаргасан байна.

Veronica III хөлөг нэгдүгээр сарын 3-ны өдөр буюу Мадурог баривчлагдсан өдөр хоёр сая баррель орчим газрын тостой Венесуэлийн эргээс хөдөлж байжээ.

TankerTrackers.com ачааны хөлгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хянадаг сайтад уг хөлгийг “2023 оноос хойш Орос, Иран, Венесуэлийн газрын тосыг тээвэрлэж байсан” гэж мэдээлсэн байна.

Тус сайтын үүсгэн байгуулагчдын нэг Самир Мадани хиймэл дагуулын зураглал ашиглан Мадурог баривчлагдах үеэр Венесуэлийн эргээс хамгийн цөөндөө 16 ачааны хөлөг зугтсаныг тогтоосноо өнгөрсөн сард мэдээлж байв.

Трампын засаг захиргаа Венесуэлийн газрын тосны салбарт бүрэн хяналтаа тогтоох ажлын хүрээнд тус улсын экспорттой холбоотой бүх ачаа тээврийн хөлгүүдийг мөрдөн мөшгөж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press