Уншиж байна ...

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК 2025 онд ₮593.1 тэрбумын орлого олж, төсөвт 246.6 тэрбум төгрөг төвлөрүүлж, ₮72 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ

ikon.mn
3 минутын өмнө
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.13) “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллаж, төрийн бодлогын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд сайжирч, борлуулалтын орлого, үр ашиг тогтвортой өссөн талаар Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж танилцуулан 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн компанийн түүхэн дээд амжилт тогтоолоо хэмээн онцлов.

Тус компани 2025 онд 593.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн бөгөөд энэ нь 2024 онтой харьцуулахад хоёр дахин их буюу 301.4 тэрбум төгрөгөөр, 2023 онтой харьцуулахад 343.5 тэрбум төгрөгөөр буюу 2.4 дахин өссөн нь компанийн түүхэнд дээд амжилт тогтоосон байна. Мөн татварын дараах цэвэр ашиг 72.2 тэрбум төгрөгт хүрч, 2024 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 40 хувиар, 2023 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 80 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Мөн улс, орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 85.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 246.6 тэрбум төгрөг буюу төлөвлөгөөгөө 300 хувь давуулан биелүүлжээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас өгсөн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үүргийн хүрээнд 117 сая ам.доллар төвлөрүүлэхээс 173.3 сая ам.долларыг төвлөрүүлж, валютын орох урсгалыг бодитоор нэмэгдүүлсэн байна.

2024 оны арваннэгдүгээр сараас “Үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлсний үр дүнд нэг тонн баяжмалын өртгийг 4.6 ам.доллароор бууруулж чадсан нь ашигт ажиллагааг нэмэгдүүлэх суурь болжээ. Үүний үр дүнд ажилчдын ажиллах нөхцөл, цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж, сарын дундаж цалин 2023 онд 3.0 сая төгрөг байсан бол 2025 онд 5.1 сая төгрөг болж, 73 хувиар өсжээ, 2026 онд дундаж цалинг 6.0 сая төгрөгт хүргэхээр төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК эдийн засгийн энэ хүнд цаг үед Засгийн газраас өгсөн экспортын орлого, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг даалгавруудыг маш сайн биелүүлсэн. Улс орныхоо эдийн засагт, төсвийн орлого бүрдэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилтнууд, нийт хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, баяр хүргэе хэмээгээд байгалийн баялгийн үр өгөөжийг нийт иргэдэд шударга, тэгш хүртээх, ирээдүй хойч үеийн эдийн засгийн баталгааг хангахад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК ямар түвшинд ажиллаж байгаа талаар тодрууллаа.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь өнгөрсөн жилүүдэд “Баялгийн сангийн тухай” хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллажээ. Тодруулбал, 2025 оны гуравдугаар сард 2023, 2024 оны үйл ажиллагаанаас ногдол ашиг хэлбэрээр нийт 39.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол 2025 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас 36.1 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр 2026 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр тус санд төвлөрүүлсэн байна. Ингэснээр “Үндэсний баялгийн сан”-ийн хөрөнгийг нийт 75.6 тэрбум төгрөгөөр арвижуулжээ.

Үргэлжлүүлэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн одоо хэрэгжиж буй болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар танилцуулав. Компанийн дунд хугацааны стратегийн хүрээнд 2026 оноос эхлэн төмрийн хүдрийн “Хуст-Уул” ордыг ашиглалтад оруулж, түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Уг орд нь “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн түүхий эдийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой. Мөн Төмөртэйн ордод жилд ойролцоогоор 1.3 сая тонн нойтон баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай нойтон баяжуулах үйлдвэр, жилд 1.2 сая тонн хорголж үйлдвэрлэх хүчин чадалтай хорголжийн үйлдвэрийг хамтад нь байгуулахаар төлөвлөсөн байна.

Тус компани жилд нэг сая тонн ган бэлдэц, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг төсөл нь төмрийн хүдрийг эцсийн шатны ган бүтээгдэхүүн болгож, дотооддоо бүрэн боловсруулж, импортыг орлох, экспортын боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын зүгээс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүн боловсруулалтын түвшинг ахиулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэж Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, хөрөнгө оруулагчдыг сонгох бэлтгэл ажлыг хангах Аж үйлдвэр, эрдэс баялгийн Сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэр Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг манлайлж ажиллах ёстойг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өмчит үйлдвэрийн удирдлага, менежментийг ил тод, хариуцлагатай хэрэгжүүлсний бодит үр дүнг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн жишээн дээрээс харж болохыг онцолж, цаашид санхүүгийн сахилга бат, үйлдвэрлэлийн үр ашгийг хадгалан ажиллах, улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд ган болон зэсийн цогцолбор барих болсон талаар дурдаад энэ хүрээнд Ган үйлдвэрлэлийн цогцолбор барих ажилд Засгийн газрын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.