АНУ-ын Мета компанийн эзэмшдэг WhatsApp мессенжэр үйлчилгээний видео болон ярианы дуудлагыг Оросын эрх баригчид өнгөрсөн оны наймдугаар сард хааж, бусад функцүүдийнх нь ажиллах хурдыг зориуд удаашруулсны улмаас тус улсын иргэд зөвхөн VPN (Virtual Private Network) сүлжээгээр дамжуулан ашигладаг болоод байсан юм.
Харин саяхан энэ боломжийг нь ч бас хааснаар ОХУ-ын нутаг дэвсгэрээс ашиглах ямар ч боломжгүй болжээ.
Үүнтэй холбоотойгоор WhatsApp платформ өчигдөр мэдэгдэл гаргасан байна.
“100 сая гаруй хэрэглэгчийг хувийн, найдвартай харилцаа холбооноос тусгаарлах оролдлого нь ухралт бөгөөд Оросын ард түмний аюулгүй байдлыг бууруулж болзошгүй юм. Бид хэрэглэгчдээ холбоотой байлгахын тулд чадах бүхнээ хийсээр байх болно” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.
Лхагва гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлд ярихдаа “хэрвээ Мета компани одоогийн байр сууриа өөрчлөлгүй, Оросын хууль тогтоомжийг дагахад бэлэн биш байгаагаа харуулбал ямар ч боломж байхгүй” гэж мэдэгдсэн юм.
Оросын эрх баригчид Хятадын WeChat платформын загвараар бүтээгдсэн Max нэртэй төрийн өмчит “супер-апп”-ыг иргэдийнхээ гар утас, төхөөрөмжүүдэд суурилуулахаар шахаж байгаа.
Ажиглагчид энэ аппликэйшн нь хэрэглэгчдээ Оросын аюулаас хамгаалах албаны хяналтад бүрэн оруулах зорилготой гэж үздэг.
Max нь зөвхөн мессенжэр биш, засгийн газрын болон банк санхүү, бусад бизнес үйлчилгээнүүдийг багтаасан тул “супер аппликэйшн” гэж нэрлэгдэж байгаа юм.
Одоо уг аппликэйшнийг заавал суулгаж, хэрэглэх шаардлагыг төрийн албан хаагчдад тавиад байгаа. Мөн үл хөдлөх хөрөнгийн менежмэнтийн үйл ажиллагааг зөвхөн үүгээр дамжуулдаг болсон.
Оросын харилцаа холбооны зохицуулах байгууллага Роскомнадзор энэ долоо хоногт өөр нэг түгээмэл ашиглагддаг мессенжэр платформ болох Телеграмын боломжуудыг бас хязгаарлаж эхэлсэн юм.
Ингэх болсон шалтгаанаа иргэдийнх нь бүртгэл мэдээллийг Оросын нутаг дэвсгэрт хадгалах хуулийн шаардлагыг дагаж мөрдөөгүй хэмээн тайлбарлаж байна.
Телеграмыг үүсгэн байгуулсан тэрбумтан Павел Дуров “Орос улс иргэдээ хянах, тагнах зорилготой бүтээсэн төрийн өмчит аппликэйшн руу хүчээр шилжүүлэхийн тулд Телеграмд хандах боломжийг хязгаарлаж байна” гэж мэдэгджээ.
ОХУ-д төрсөн тэрбээр одоо Франц, Арабын Нэгдсэн Эмират улсуудын давхар иргэн юм.
Телеграмын видео болон ярианы дуудлагыг Роскомнадзор бас наймдугаар сард хааж байв. Одоогоор Оросын иргэд зөвхөн VPN ашиглан уг платформд холбогдож байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!