“TMK Energy” Pty Ltd-ийн төлөөлөл Ц.Наран-Учрал нь Эрчим хүчний яамтай 2026 оны 2 дугаар сарын 2-ны өдөр нүүрсний давхаргын метан хийг дотоодын эрчим хүчний эх үүсвэрт үр ашигтай, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологид тулгуурлан ашиглах боломжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг сайжруулах, салбарын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Эрчим хүчний хэрэглээ нь үйлдвэрлэлийн оргил ачааллын үед эрс нэмэгдсэний улмаас цахилгаан үйлдвэрлэл хүрэлцэхгүй болж, системд тасалдал үүсэх эрсдэл бий болдог. Иймд тэргүүн ээлжид тус санамж бичгийн хүрээнд “Эрчим хүчний оргил ачаалалд ажиллах метан хийн эх үүсвэрийн суурь судалгаа”-ны ажлыг эхлүүлэхээр болсон нь дотоодын нөөцийг ашиглах боломжийг судлах, улмаар оргил ачааллын үед метан хийн станцууд (генераторууд)-ыг ашиглан цахилгаан хангамжийг тасралтгүй, найдвартай хангах нөхцөлийг бүрдүүлэх, эрчим хүчний олон төрөлт эх үүсвэрийг бий болгох зэрэг чухал ач холбогдолтой юм.
Мөн талууд нүүрсний давхаргын метан хийг эрчим хүчний салбарын дунд болон урт хугацааны бодлого, төлөвлөлтөд тусгах, байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах технологийн шийдлүүдийг судалж, турших, мөн хийн хангамжийн дотоодын сүлжээнд ашиглах боломж, эдийн засгийн үр ашгийг тодорхойлох чиглэлээр цаашид хамтран ажиллана.
TMK Energy Pty Ltd-ийн Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийг хэрэгжүүлэгч “Тэлмэн Ресурс” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутаг дэвсгэрт “Гурвантэс-ХХХV” нүүрсний давхаргын метан хийн хайгуул, туршилт-олборлолтын төслийг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь эрчим хүчний салбарт дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх зорилготой бөгөөд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлтэй бүрэн уялдсан, стратегийн ач холбогдол бүхий төсөл юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын эрчим хүчний салбарын тогтвортой хөгжил, дотоодын эрчим хүчний эх үүсвэрийн төрөлжилтийг нэмэгдүүлэх урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх бодит алхам болно гэж үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!