Уншиж байна ...

Эцэг, эхээ онгоцны ослоор алдсан уран гулгагч Максим Наумов богино үзүүлбэрийнхээ дараа тэдэнд хүндэтгэл үзүүлжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
Reuters
Зураг зураг

Италид болж буй цагаан олимп дөрөв дэх өдрөө үргэлжилж буй.

Хамгийн олон үзэгчтэй өвлийн спортын төрлийн нэг нь уран гулгалт юм. Өчигдрөөс багийн төрлүүд өндөрлөсний дараа ганцаарчилсан төрлүүд эхэлжээ. Тодруулбал эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрийн дүн гарсан байна.

Богино үзүүлбэрт АНУ-ын уран гулгагч Илья Малинин 108.16 оноо авч тэргүүлсэн юм. 

Тэгвэл АНУ-ын багийн өөр нэг гишүүн Максим Наумов богино үзүүлбэрийнхээ дараа онгоцны ослоор амиа алдсан эцэг, эхийнхээ дурсгалыг хүндэтгэжээ.

зураг
 

Богино үзүүлбэрт 85.65 оноо авснаар хүснэгтийн 14 дүгээр байранд жагссан М.Наумовын эцэг эх нь өнгөрсөн оны нэгдүгээр сард АНУ-ын нийслэлд болсон онгоцны ослоор амиа алдсан юм.

Иргэний нисэхийн онгоц, нисдэг тэрэгтэй мөргөлдсөнөөр нийт 67 хүн нас барсан. Үүнээс 28 нь уран гулгалтын тамирчин, дасгалжуулагч, тамирчдын эцэг, эх, асран хамгаалагч нар байсан билээ.

Амиа алдсан тамирчдын дасгалжуулагч нь Евгения Шишкова, Вадим Наумов нар байв.

Тэд бол ОХУ-ын нэр дээр 1994 онд Японы Чиба хотод болсон уран гулгалтын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс алтан медаль хүртсэн бол 1995 онд мөнгө, 1993 онд хүрэл медаль зүүсэн тамирчид.

Мөн Европын Аварга Шалгаруулах Тэмцээн (ЕАШТ)-ээс нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн юм.

Талийгаачид 1998 оноос АНУ-д амьдрах болж, 2001 оны наймдугаар сард хүү Максим Наумовыгоо төрүүлсэн юм. 

Максим АНУ-ын улсын аваргаас гурван медаль хүртсэн. 2020 оны залуучуудын ДАШТ-д шагналт байранд шалгарсан тамирчин. Тэрбээр энэ жил улсын аваргаас хүрэл медаль хүртсэнээр олимпод оролцох болзлоо хангасан аж.