Бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейн агсны гол хамсаатан Гислейн Махсвелл өчигдөр АНУ-ын хууль тогтоогчдын асуултад хариулахаас татгалзжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өршөөл үзүүлсэн тохиолдолд үйлчлүүлэгч нь бүх үнэнийг ямар ч шүүлтүүргүйгээр мэдүүлэхээ амлаж буйг түүний өмгөөлөгч дараа нь мэдэгдсэн байна.
Их Британийн иргэн 64 настай Максвелл одоо бэлгийн мөлжлөгийн хэргээр АНУ-ын шоронд 20 жилийн хорих ял эдэлж байгаа юм.
Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо түүнтэй видео шугамаар холбогдож, Эпштейн агсантай ямар харилцаатай байсан талаар нь ярилцахыг оролдсон байна.
Гэвч Максвелл өөрийгөө буруутгахгүй байх АНУ-ын үндсэн хуулийн тавдугаар нэмэлт өөрчлөлтийн дагуу олгогдсон эрхээ эдэлж, ярилцахаас татгалзжээ.
“Бидний төсөөлж байсанчлан Максвелл тавдугаар нэмэлтээр олгогдсон эрхээ эдэлж, ямар ч асуултад хариулахаас татгалзсан. Мэдээж энэ нь бидний урмыг их хугаллаа” гэж хяналтын хорооны дарга Жэймс Комер сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Сүүлд Максвеллийн өмгөөлөгч Дэвид Маркус зөвхөн ерөнхийлөгч Трамп өршөөл үзүүлсэн тохиолдолд олон нийтийн өмнө бүх мэдээллийг дэлгэхэд бэлэн байгааг мэдэгджээ.
“Хэрвээ энэ хороо болон Америкийн олон нийт болсон явдлын талаар шүүлтүүргүй үнэнийг сонсохыг хүсэж байвал ганцхан шулуун зам бий. Ерөнхийлөгч Трамп өршөөл үзүүлсэн тохиолдолд хатагтай Максвелл бүрэн дүүрэн, шударгаар ярихад бэлэн” гэж тэр мэдэгдсэн байна.
Маркус бас Трамп болон ерөнхийлөгч асан Билл Клинтон нарын хэн хэн нь Эпштейн агсантай нөхөрсөг харилцаатай байсан ч “ямар ч буруу зүйл хийгээгүй” гэж энэ үеэр хэлжээ.
“Хатагтай Максвелл зөвхөн яагаад гэдгийг тайлбарлаж чадна. Олон нийт энэ тайлбарыг сонсох эрхтэй” гэж тэр хэлсэн юм.
Максвелл бол 2019 онд шоронд нас барсан Эпштейнтэй холбоотой хэргээр яллагдаад буй цорын ганц хүн.
Тэрбээр нэр нөлөө бүхий бизнесмэнүүд, улс төрчид, алдартнуудтай холбоотой байсан Эпштейнд насанд хүрээгүй охидыг олж өгдөг байсныхаа төлөө 2021 онд шүүхээс ял сонсож байжээ.
Одоо тэр Техас мужийн шоронд ялаа эдэлж байгаа.
АНУ-ын хууль зүйн яам саяхан Эпштейний хэргийн олон сая бичиг баримтыг олон нийтэд ил болгосон юм. Гэхдээ эдгээрийн олонхыг нь засварлаж, зарим мэдээллийг нь нууцалсан байв.
Даваа гарагт хэсэг хууль тогтоогчид хууль зүйн яамны байранд засварлагдаагүй баримтуудтай биечлэн танилцсан юм.
Тэдний дунд байсан Ардчилсан Намын хууль тогтоогч Жэйми Раскин “Би тэнд нууцлаг, ойлгомжгүй шалтгаанаар дарагдсан олон хүний нэрийг харсан. Жеффри Эпштейнтэй хамтран ажиллаж байсан хүмүүсийн нэрийг ямар ч шалтгаангүйгээр нуусан байна” гэж мэдэгджээ.
Түүнтэй хамт танилцсан Бүгд Найрамдах Намаас сонгогдсон төлөөлөгчдийн танхимын гишүүн Томас Масси олон нийтэд задруулсан баримтуудаас нэр нь хасагдсан ч гэмт хэрэгт буруутгагдаж болзошгүй зургаан хүний нэр байгааг харснаа мэдэгдсэн юм.
Масси тэдний нэрсийг зарлахаас татгалзсан ч нэг нь “гадаад улсын засгийн газарт нэлээд өндөр албан тушаал хашиж байгаа” хүн байсныг баталжээ.
Конгрессын хяналтын хороо бас ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний гэргий Хиллари нарыг Эпштейнтэй үүсгэсэн харилцааных нь талаар мэдүүлэг авахаар дуудаад байгаа.
Клинтоныхон мэдүүлгийг Бүгд Найрамдахчууд улс төржүүлэхээс сэргийлэхийн тулд олон нийтэд нээлттэй зохион байгуулах хүсэлт гаргасан байна.
Нэгэн цагт Эпштейний дотно найз байсан гэгддэг ерөнхийлөгч Дональд Трампыг одоогоор хяналтын хороо мэдүүлэг авахаар дуудаагүй байгаа.
Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш хэдэн сарын турш Эпштейний хэргийн баримтуудыг олон нийтэд ил болгохоос зайлсхийж байсан юм. Гэвч өнгөрсөн оны сүүлээр Конгрессын гишүүд бүрэн дэмжсэнээр баримтуудыг ил болгох хууль батлагдаж байв.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!