Уншиж байна ...

Цанын харайлтын эрэгтэй тамирчид бэлэг эрхтнээ томруулдаг тухай мэдээллийг WADA шалгахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Милан-Кортинагийн өвлийн олимпын наадмын үеэр анхаарал татсан нэг асуудал нь цанын харайлтын эрэгтэй тамирчид өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд бэлэг эрхтэндээ нэг төрлийн хүчил тарьдаг болсон тухай яриа болжээ.

Өнгөрсөн сард Германы Bild сонин тамирчид өмсгөлийн хэмжилтэд орохоосоо өмнө гиалуроны хүчил хэмээх бодисыг ийм зорилгоор хэрэглэдэг болсон тухай мэдээлсэн юм.

Спортод хориглоогүй энэ бодис нь бэлэг эрхтний тойргийг нэгээс хоёр сантиметрээр нэмэгдүүлдэг гэнэ.

Ийм байдалтай хэмжилтэд ороход хувцасны гадаргуугийн талбай нэмэгдэж, тамирчдын агаарт нисэх чадвар сайжирдаг ажээ.

“Хувцасны нэмэлт сантиметр бүр чухал. Хэрвээ таны хувцас 5 хувиар том гадаргуутай бол агаарт нисэх чадвар мэдэгдэхүйц нэмэгдэнэ” гэж Олон Улсын Цанын Холбооны (FIS) эрэгтэйчүүдийн цанын харайлтын тэмцээн хариуцсан захирал Сандро Пертиле хэлжээ.

Милан-Кортинагийн Өвлийн Олимпын хотхонд болсон хэвлэлийн хурлын үеэр энэ талаар сэтгүүлчид асуухад WADA (Дэлхийн Допингийн Эсрэг Байгууллага)-ийн ерөнхий захирал Оливер Ниггли “Цанын харайлтын талаар нарийн ширийн зүйлс болон гүйцэтгэлийг хэрхэн сайжруулж болохыг би сайн мэдэхгүй байна. Хэрвээ ямар нэг баримт илэрвэл бид үүнийг судалж, сэргээштэй холбогдох эсэхийг шалгах болно. Сэргээш оролцоогүй тохиолдолд гүйцэтгэл сайжруулахтай холбоотой аргуудыг бид авч үздэггүй” гэж хариулсан байна.

Энэ үеэр WADA-гийн Польшийн салбарын тэргүүн Витольд Банка “Цанын харайлт Польшид маш их түгээмэл төрөл тул би үүнийг шалгахаа амлаж байна” хэмээн хошигнож хэлсэн байна.

Тэмцээн бүрийн эхэнд цанын харайлтын тамирчид зөвхөн уян хатан, бие барьсан дотуур хувцастайгаар 3D сканерт орж, биеэ хэмжүүлж, өмсгөлөө тааруулдаг.

Дүрэмд зааснаар өмсгөлийн сул хэсэг 2-4 см-ээс хэтрэхгүй байх ёстой тул тамирчдын цавины өндрийг хүртэл хэмждэг байна. Эрэгтэй тамирчдын хувьд цавины хэсгийн хэмжилт дээр дахин 3 см нэмэгддэг гэнэ.

Гиалуроны хүчил тариулснаас хойш 18 сар хүртэл хугацаанд хүний биед байдаг.

Өмнө нь цанын харайлтын төрөлд өмсгөлөө өөрчлөх замаар гүйцэтгэлээ сайжруулах гэсэн оролдлого тамирчдын дунд гарч байжээ.

Гуравдугаар сард Норвегийн Тронхэйм хотод болсон Дэлхийн Цанын Аварга Шалгаруулах Тэмцээний үеэр Норвегийн олимпын медальтнууд болох Мариус Линдвик, Йохан Андре Форфанг нар өмсгөлдөө бэхжүүлсэн утас хийж, гүйцэтгэлээ сайжруулахыг оролдсон асуудал илэрч байв.

Хэдийгээр тамирчид энэ талаар мэдээгүй байснаа баталсан ч наймдугаар сард Олон Улсын Цанын Холбоо тэдний тэмцээнд оролцох эрхийг гурван сараар хасаж шийтгэсэн юм.

Хоёр тамирчны хоригийн хугацаа дууссан тул энэ удаагийн өвлийн олимпын наадамд оролцож байгаа. Эрэгтэйчүүдийн цанын харайлтын тэмцээн Даваа гарагт эхлэх юм.

 

Эх сурвалж: BBC