“ЛэндМН ББСБ” ХК (MSE:LEND) нь нээлттэй хувьцаат компани болсон цагаасаа эхлэн 11,000 гаруй хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж, тогтмол ногдол ашиг хүртээж, засаглалын хувьд нээлттэй, ил тод байхад үргэлж анхаарч ирсэн билээ. Бид хувьцаа эзэмшигчдийнхээ санал бодлыг чөлөөтэй хүлээн авч, Компанийн цаашдын зорилго, үйл ажиллагаандаа тусган ажиллахыг эрмэлздэг.
Бид 2025 онд LendMN аппликейшнээр дамжуулан 1.9 сая удаагийн зээлийг иргэд болон жижиг, бичил дунд бизнес эрхлэгчдэд амжилттай олгож, тэдний өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг шуурхай хангахын зэрэгцээ бизнесийн үйл ажиллагаа, өсөлт хөгжил, тогтвортой байдлыг бодитоор дэмжин ажиллалаа. Үүний үр дүнд 2025 онд Компанийн зээлийн багц 37%, цэвэр ашиг 11% өсөж, өөрийн хөрөнгийн өгөөж 46%-д хүрээд байна.
“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит хурлаас 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас Компанийн хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийн нэгж хувьцаанд ногдох хэмжээг 16.5 (арван зургаа аравны тав) төгрөгөөр тогтоож, 2025 оны цэвэр ашгийн 30.4% буюу 12,198,477,769.5 (арван хоёр тэрбум нэг зуун ерэн найман сая дөрвөн зуун далан долоон мянга долоон зуун жаран ес аравны тав) төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашгийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулан олгох юм.
Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс ногдол ашиг авах эрхтэй Компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байхаар тогтоожээ.
Бид харилцагчдынхаа өсөлт, тогтвортой байдлыг дэмжсэн шийдлүүдийг тасралтгүй гаргаж, хүртээмжтэй санхүүжилтийг бий болгож, урт хугацааны үнэ цэнийг хамтдаа бүтээх зорилготой бөгөөд бидний энэхүү зорилгыг үргэлж дэмжиж байдаг нийт хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид, эрхэм түншүүд, үнэнч харилцагчид Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн,
“ЛЭНДМН ББСБ” ХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!