Уншиж байна ...

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл ажиллахыг санал болгожээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баярын үеийн замын хөдөлгөөний нөхцөлийг сайжруулах зорилгоор НИТХ-аас Ажлын хэсэг байгуулаад буй. Тус ажлын хэсгийнхэн зах, худалдааны төвийн удирдлага, менежер, зохион байгуулагчидтай уулзаж санал солилцжээ.

Тодруулбал баярын өмнөх өдрүүдэд зах, худалдааны төвөөр үйлчлүүлэгчийн тоо огцом нэмэгдэж, ачаалал ихэсдэг тул иргэдийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг сааруулах зорилгоор ажиллах цагийн хуваариа сунгах, 00:00 цаг хүртэл уртасгахыг санал болгосон байна.

Энэ тухай Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Дуламсүрэн “Цагийн менежмент хийснээр замын хөдөлгөөний оргил ачааллын үеэр буюу ажлын цаг дуусахтай зэрэгцэн иргэд зах, худалдааны төвөөр яарч сандарч үйлчлүүлэхгүй. 00:00 цаг хүртэл тухтай үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ” гэв.

Уулзалтад “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Алтжин Бөмбөгөр”, “Номин Тав трейд”, “Хүчит шонхор”, “Юмт Бөмбөгөр” худалдааны төв, “Скай хайпермаркет” дэлгүүрийн удирдлагууд оролцож “Саналыг дэмжих боломжтой. Өнөөдөр буюу Баасан гарагт хариугаа эцэслэж хэлнэ" гэж мэдэгджээ.