Уншиж байна ...

Нийслэлийн хэмжээнд 6,377 теле камер ажилладгаас 4,113-ыг нэгдсэн системд холбожээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6,377 теле камер ажилладаг байна. Үүний 4,113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбожээ. Нийт камерын 62 хувь нь хэвийн ажиллагаатай байна.

Харин эвдрэл, сааталтай 2,750 камерыг засварлах ажил үргэлжилж байгаа бол ААН, байгууллагуудтай хамтран орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд стандартын шаардлага хангасан 52,000 гаруй камерыг суурилуулж, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд ашиглаж байгаа аж.

Энэ тухай Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Теле хяналтын ашиглалтын тасгийн дарга Л.Ганзориг “Гэр хороолол, гудамж талбайг камержуулах чиглэлээр 2,500 цэгийн судалгаа, тооцоог хийж байна.

Өмнө нь гэмт хэрэг, зөрчил илрүүлэхдээ ААН, айл өрхийн хяналтын камерыг нэг бүрчлэн шалгадаг байсан. Ингэхдээ камерын чанар муу, харагдах өнцөг хязгаарлагдмал, бичлэг хадгалах хугацаа богино, шөнийн цагаар улсын дугаар таних боломжгүй зэрэг хүндрэл тулгарч, нотлох баримт устах, мөрдөн шалгах ажиллагаа удаашрах эрсдэл бий болдог.

Теле камерын нэгдсэн болон дэд төв ашиглалтад орж, стандартын шаардлага хангасан камеруудыг нэмэгдүүлснээр камерын бичлэгийг нэг төвлөрсөн цэгээс шүүж үзэх, тээврийн хэрэгслийн улсын дугаар, маршрут, хөдөлгөөнийг хурдан тогтоох боломж бүрдсэн. Ингэснээр хэрэг илрүүлэх хугацаа 10-20 дахин богиносож, мөрдөн шалгах ажиллагаа илүү шуурхай болж байна.

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх байдал сайжирч, зөрчил буурч, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдсэн” гэв.

Теле камерын хяналтын нэгдсэн системд холбогдсон 4,113 камерын тусламжтайгаар зам тээврийн осол 365, гэмт хэрэг 261, замын хөдөлгөөнд оролцсон маршрут 333, хойшлуулшгүй ажиллагаанд дэмжлэг 76, бусад 382 гээд нийт 1,417 удаагийн камер шүүлгэх хүсэлтийг хүлээн авч, 783 нотлох баримтыг холбогдох байгууллагад өгчээ.