Уншиж байна ...

Бархасбадь гараг өмнө нь тооцоолж байснаас ялимгүй жижиг хэмжээтэй болохыг NASA тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бархасбадь бол эргэлзээгүй манай нарны аймгийн хамгийн том гараг юм.

Гэхдээ уг гарагийн хэмжээ эрдэмтдийн өмнө тооцоолж байсан шиг хэмжээтэй биш, түүнээс арай жижиг болох нь тогтоогджээ.

NASA-гийн “Juno” сансрын хөлгийн цуглуулсан шинэ өгөгдлийг ашиглан Бархасбадь гарагийн хэмжээ, хэлбэрийг шинээр тооцоолоход ийм үр дүн гарсан байна.

Уг судалгаа нь аварга том хийн гарагийн талаар бүрэн ойлголттой болох, түүний дотор талын нарийн төвөгтэй бүтцийг ойлгоход чухал ач холбогдолтой гэнэ.

Шинэчилсэн тооцооллоор Бархасбадийн экваторын диаметр 142,976 км буюу өмнөх тооцооллоос 8 км орчмоор бага болжээ.

Мөн тус гарагийн хойд туйлаас өмнөд туйл хүртэлх диаметр нь 133,684 км буюу өмнөхөөсөө 24 км-ээр бага болсон байна.

Дэлхийтэй адил уг гараг төгс бөмбөрцөг хэлбэртэй биш, гэхдээ арай илүү хавтгай хэлбэртэй юм.

Тухайлбал Бархасбадь экватор хэсгээрээ туйлуудтайгаа харьцуулахад 7 орчим хувиар том. Харьцуулбал дэлхийн энэ харьцаа 0.33 хувь юм.

Бархасбадийн өмнөх тооцоог 1970-аад оны үед NASA-гийн Voyager, Pioneer хөлгүүдийн цуглуулсан мэдээлэл дээр үндэслэж байжээ.

Juno хөлөг 2011 онд дэлхийгээс хөөрч, 2016 оноос хойш Бархасбадийн тойрог замд байгаа.

NASA энэ хөлгийнхөө ажиллах хугацааг 2021 онд сунгасан нь тус гарагийн хэлбэр, хэмжээтэй холбоотой мэдээллийг цуглуулах зорилготой байв.

Juno хөлөг дэлхийгээс харахад Бархасбадийн ард орох үедээ радио дохио дамжуулдаг юм байна. Уг дохио тус гарагийн атмосферийг нэвтлэхдээ хэрхэн өөрчлөгдөж байгааг дэлхийгээс хэмжих замаар хэрэгтэй мэдээллийг цуглуулдаг ажээ.

Дэлхий нь нарны аймгийн найман гарагаас наранд ойрхон байрлалаараа гуравдугаарт бичигддэг харьцангуй жижиг, чулуурхаг бүтэцтэй гараг.

Бархасбадь бол нар талаасаа тавдугаарт байрладаг аварга хийн гараг бөгөөд бусад бүх гарагуудыг дотроо багтаах том хэмжээтэй.

Тухайлбал Бархасбадийн дотор 1,300 гаруй дэлхий багтах боломжтой юм. Түүний гадарга дээр харагдах өнгөт судлууд нь хүчтэй салхи шуурганы мөр юм байна.

Тус гараг голчлон устөрөгч, гелиэс бүрддэг бөгөөд бусад төрлийн хийн ул мөр бас ажиглагддаг.

 

Эх сурвалж: Reuters