Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Энэ үеэр цахилгаан станцтай холбоотой асуудал яригдлаа.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгждэггүй хэдэн заалт байна. Манай улс эрчим хүчний аюулгүй байдал гэж ярьдаг. Оюутолгойн Хятадаас, Эрдэнэт үйлдвэр нь Оросоос цахилгаанаа авдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-д зааснаар эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг дөрвөн жилийн дотор Монгол Улсаас хангана гэдэг заалт яагаад хэрэгждэггүй вэ.
"Оюу толгой" компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: 2012 онд Оюу толгой компанийн хашаа дотор 450 МВт-ийн цахилгаан станц барих зөвшөөрөлтэй байсан. 2012 оноос эхлэн Оюу толгой Засгийн Газартай хамтраад гадаадын хөрөнгө оруулагч нараас хөрөнгө оруулалт татаад Тавантолгой цахилгаан станц гаргах төсөл бүтэлгүйтсэн. Учир нь тэр үед дэлхий нийтээрээ нүүрсэн цахилгаан станцаас татгалзаж эхэлж байсан. Мөн тэр үед гүний уурхай зогссон байсан. Санхүүжилт олоход маш хэцүү байсан.
Цаг хугацаандаа баригдаад Оюу толгой дээр барихыг "Оюу толгой" компани өөрөө санал болгосон Засгийн газраас дэмжээгүй. Буцаж Тавантолгой дээр очиж MCS-тэй хамтрах төсөл хэрэгжүүлэх гэж үзсэн. 2017, 2018 онд сэргээгдэх эрчим хүчээр шийдэх саналыг ч тавьж байсан.
"Оюу толгой" компани Өвөр монголоос өндөр үнэтэй эрчим хүч аваад байх сонирхол байхгүй. Гэрээн дээрх үүргээ биелүүлж дотоодоос эрчим хүч худалдаж авахад бэлэн байгаа. Тийм ч учраас 2022 оны нэгдүгээр сард Оюу толгой эрчим хүчээ төвийн эрчим хүчний системээс авч болох гэрээгээ зурчихсан. Үнээ тохироод захилгаа өгчихсөн байгаа.
Эх үүсвэрийг байгуулах үүрэг хариуцлага нь Монгол талдаа байгаа. Гэсэн ч цаашид дотоодын эх үүсвэртэй болох хүсэл хэвээр байгаа.
УИХ-ын дарга асан З.Энхболд: Оюутолгой компанийн захиралтай санал нийлж байна. Буруу гэж байдаг бол 80 хувь нь манайд байгаа. Учир нь жил бүр 500 тэрбум төгрөгөөр цахилгаан зардаг Өвөр монголын хойд бүсийн цахилгааны лоббид манай улсын хүмүүс автагдаад 16 жил явсан. Энэ лоббиг даваад Засгийн газар цахилгаан станцаа барих хэрэгтэй.
Янз бүрийн үл бүтэх шалтгаан яриад цахилгаан станц барихгүй байгаа нь 100 хувь Монголын Засгийн газрын буруу.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Оюутолгой компани үйл ажиллагаа эхлээд дөрвөн жилийн эрчим хүчээ дотоодоос авах гэрээтэй. Гэтэл би 2017 онд Эрчим хүчний сайдаар томилогдоод очиход Монголоос эрчим хүчээ аваагүй байсан.
Энэ асуудлыг тодруулаад үзэхэд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ гэдэг зүйлийг байгуулчихсан байсан. Үүнийг би 2018 оны 12 дугаар сард Засгийн газрын хурлаар оруулж хүчингүй болгуулсан. Ийнхүү Оюутолгой компанитай гэрээ байгуулсан. Уг гэрээний 4.4-д цахилгаан станцыг 2023 онд ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон.
Тухайн үед манай эрчим хүчний компаниуд хүсэлт гаргаад Оюутолгойтой хамтраад баръя гэдэг санал гаргасан. Энэ саналыг Засгийн газрын хуралдаанд 2 удаа оруулсан. Гэтэл тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Рио Тинто, Оюутолгойн мэдэлд өгөхгүй гэсэн. Бүр улсын төсвөөс баръя гэдэг шийдвэр гаргасан. Цахилгаан станц барих ажлыг үеийн үед зогсоосоор байгаад 2023 онд ашиглалтад оруулаагүй.
Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар: Энэ асуудлыг Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхэд би санал хэлж байсан. Оюутолгой компани станц барина гээд удчихлаа. Үндэсний компаниуд орохоор би чи гээд удаад байна. Тэгэхээр төр үүнийг хариуцаад сонгон шалгаруулалт явуулаад шийдчихвэл яах вэ гэж хэлсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!