Трампын засаг захиргааны хар тамхины картелуудын эсрэг далай тэнгист явуулж буй ажиллагаа хууль эрх зүйн хувьд маргаан дагуулж байгаа.
Олон улсын усан бүсэд ийм ажиллагаа явуулж, хүмүүсийн амийг шүүлгүйгээр хөнөөх эрх мэдэл АНУ-ын эрх баригчдад бий эсэх нь гол асуудал болоод байна.
Тэгвэл саяхан Вашингтон Пост сонин Карибын тэнгист хар тамхи тээвэрлэж явсан завийг АНУ-ын тэнгисийн хүчнийхэн устгахдаа амьд үлдсэн хүмүүсийг хөнөөх зорилгоор хоёр дахь удаагаа буудсан баримтыг ил болгосон нь асуудлыг улам хурцатгасан юм.
Есдүгээр сарын 2-ны өдөр болсон энэ үйл явдал АНУ-ын арми зэвсэгт мөргөлдөөний үеэр дагадаг олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй гэсэн асуудал үүсгэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр бол эхний цохилтын дараа шатаж буй завинаас хоёр хүн зүүгдэж байсан гэнэ.
Гэтэл АНУ-ын армийн удирдлага тэдгээр хүмүүсийг хөнөөх зорилгоор хоёр дахь удаагаа буудах даалгавар өгсөн байна.
Өчигдөр Цагаан ордонд болсон засгийн газрын хуралдааны үеэр Пентагоны тэргүүн Пит Хэгсэт үүнийг “дайны манан”-тай холбоотой эмх замбараагүй байдлын үеэр үүссэн санамсаргүй үйлдэл гэж тайлбарлажээ.
Энэ үеэр тэр хоёр дахь цохилтыг АНУ-ын тэнгисийн хүчний адмирал Фрэнк Брэдлийн тушаал байсан гэж мэдэгдсэн байна.
Хэгсэт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа эхний цохилтын үйл явцыг нүдээрээ харсан боловч хоёр дахь цохилтоос өмнө өөр уулзалтад оролцохоор явсан тул хараагүйгээ тайлбарлажээ.
“Би амьд үлдсэн хүмүүсийг хараагүй. Эхний цохилтын дараа завь дэлбэрч, галд автсан. Юу ч харагдаагүй. Үүнийг дайны манан гэж нэрлэдэг” гэж Хэгсэт хэлсэн юм.
Хоёр дахь цохилтыг гүйцэтгэх адмирал Брэдлийн даалгавар зөв байсныг тэр энэ үеэр мэдэгджээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бас адмиралын шийдвэрийг хамгаалсан байр суурь илэрхийлсэн байна. “Би тухайн үед уг завийг устгах хүсэлтэй байснаа баттай хэлж чадна” гэж тэр мэдэгджээ.
Есдүгээр сарын эхнээс өнөөдрийг хүртэл АНУ-ын арми Карибын тэнгис болон Номхон далайд хар тамхи тээвэрлэж явсан гэх олон тооны хөлөг онгоц, завинуудыг устгасны улмаас нийтдээ 80 гаруй хүний амь үрэгдээд байгаа.
Трампын засаг захиргаа үүнийг Америкчуудын амь нас, эрүүл мэндийг хар тамхины аюулаас хамгаалахын тулд авсан зайлшгүй шаардлагатай арга хэмжээ гэж тайлбарладаг.
Өчигдөр Трамп үүний үр дүнд далайгаар тээвэрлэгдэж АНУ-д ирдэг хар тамхины урсгал эрс багассан гэж хэлсэн ч тодорхой баримт нотолгоо үзүүлээгүй юм.
Одоогоор АНУ-ын улс төрийн хоёр гол намын төлөөлөгчид есдүгээр сарын 2-ны өдөр болсон үйл явдалд санаа зовж байгаагаа илэрхийлээд байна.
Сенатын зэвсэгт хүчний байнгын хороо тухайн үед юу болсныг тогтоох шалгалтыг эхлүүлэхээ амласан юм.
Хэргийн эзэн адмирал Брэдли энэ долоо хоногт Капитолын ордонд зочилж, хууль тогтоогчдод мэдүүлэг өгөх төлөвтэй байна.
Женевийн олон улсын конвенцод шархадсан байлдагчдыг санаатай онилохыг хориглож, тэднийг баривчилж, эмнэлгийн тусламж үзүүлэх ёстойг заасан байдаг юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!