Уншиж байна ...

Хонконгийн орон сууцны гал түймэрт амиа алдсан хүний тоо 146 хүрлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хонконгийн гал түймэрт шатсан орон сууцны хорооллын барилгаас амь үрэгдсэн хүмүүсийн цогцос нэмж олдсоноор нийт амиа алдагсдын тоо 146 болон нэмэгджээ.

Ван Фук Корт хотхоны шатсан барилгуудад нарийвчилсан эрлийн ажиллагаа явуулсны үр дүнд цогцсуудыг нэмж илрүүлснээ Хонконгийн цагдаагийн газрын гамшгийн хохирогчдыг таниулах албаны ахлагч Чэн Ка Чун өчигдөр мэдээлсэн байна.

Барилгуудын бүтэц бат бэх хэвээр байгаа ч эрлийн ажиллагаа хүнд нөхцөлд, удаан үргэлжилж буйг тэр тайлбарлажээ.

“Дотор талд маш харанхуй, гэрэл бага байгаа тул ажиллахад тун хэцүү байна. Ялангуяа цонхноос хол хэсгүүдэд” гэж Чэн Ка Чун хэлсэн байна.

Одоогоор гал түймэрт шатсан долоон орон сууцны барилгын дөрвийг нь шалгаж дуусаад байгаа гэнэ.

Хамгийн сүүлийн эрлийн ажиллагааны үеэр 30 цогцос гаргасны 12-ыг гал сөнөөгчид өмнө нь илрүүлсэн ч гаргаж чадаагүй байсан байна.

Сүүлийн байдлаар 100 хүний цогцос олдоогүй байгааг Хонконгийн цагдаагийн газрын хохирогчдын асуудал хариуцсан хэлтсийн дарга Цан Шук Ин мэдээлжээ.

зураг
 

Хятадын эх газартай хил залгадаг Тай По дүүрэгт оршдог уг хотхоны найман барилгын долоо нь түймэрт шатсан юм. Түймэр өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт эхэлж, Баасан гараг хүртэл үргэлжилж байв.

Барилгуудын гадна талыг засварлах ажлын үеэр аюулгүй ажиллагааны шаардлага стандартыг хангаагүйгээс түймэр гарсан гэж сэжиглэж байгаа. Шалгалт үргэлжилж байгаа ч эцсийн дүгнэлт гараагүй байна.

Засварын үеэр барилгуудын гадна хананд хулсан шатнууд суурилуулж, хамгаалалтын ногоон тороор бүрхсэн байжээ. Бас цонхнуудыг хөөсөнцөр хавтангаар бүрсэн байсан гэнэ.

Бямба гарагийн орой Хонконгийн эрх баригчид уг ажлыг гүйцэтгэж байсан “Prestige Construction + Engineering Company” нэртэй байгууллагын өөр 28 барилга дээр явагдаж буй ажлуудыг зогсоож, аудитын шалгалт оруулах шийдвэрийг зарлажээ.

Ван Фук Корт хотхон нь тус бүр 31 давхар найман барилгаас бүрддэг бөгөөд 1980-аад оны үед ашиглалтад орсон юм.

Хотхон нийт 2,000 орчим айлын орон сууц, 4,600 гаруй оршин суугчтай байжээ.

Уг гамшгийн дараа Хятадын онцгой байдлын удирдлагын яам орон даяар өндөр барилгуудын галын аюулгүй байдлыг шалгах ажлыг эхлүүлсэн байна.

Энэ удаагийн гамшиг нь Хонконгийн орчин үеийн түүхэнд хохирлын хэмжээгээр хоёрт орж байгаа. Үүнээс өмнө 1948 онд тус хотын нэг агуулахад гал түймэр гарахад 176 хүний амь үрэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press