Сүүлийн өдрүүдэд Тайланд улсын зарим бүс нутаг үерийн гамшигт нэрвэгдэж, 33 хүний амь үрэгдээд байна.
Нэг долоо хоногийн хугацаанд тус улсын өмнөд бүсийн 10 мужид үер бууж, Малайзтай хил залгадаг боомт хот Хат Яайд нэг хоногт 335 мм хур тунадас орсон нь сүүлийн 300 жилд тохиолдоогүй үзэгдэл болжээ.
Тайландын засгийн газар гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад цэргийн хөлөг онгоц, нисдэг тэрэгнүүдийг илгээсэн байна.
Тайландын хөрш зэргэлдээ орнуудад ч үерийн гамшиг үргэлжилж байгаа.
Вьетнамд үерт амиа алдсан хүний тоо 98 хүрсэн бол Малайзад 19,000 гаруй хүн орон гэрээсээ дүрвэжээ.
Индонез улсын Умард Суматра мужид усархаг борооны улмаас хөрс гулсахад 19 хүн амиа алдсаныг тус улсын гамшгаас хамгаалах алба мэдээлсэн байна.
Тайландын үерт нэрвэгдсэн бүс нутгуудад нийтдээ хоёр сая гаруй хүн оршин суудаг ч ердөө 13,000 хүнийг хоргодох байранд нүүлгэн шилжүүлжээ.
Хүмүүсийн ихэнх нь төвөөс холбоо тасарч, тусламж авах боломжгүй болсон байна.
Тайландын арми нисэх онгоц тээвэрлэгч хөлөг, тусламжийн ачаа тээвэрлэх 14 завь, өдөрт 3,000 хоол гаргах хүчин чадалтай цэргийн гал тогоог илгээхээр төлөвлөснөө мэдээлжээ.
Нисэх онгоц тээвэрлэгч хөлгийг “хөвөгч эмнэлэг” болгон ашиглах гэнэ.
Зүүн Өмнөд Азийн орнуудад жилийн энэ үед улирлын чанартай хур тунадас нэмэгддэг ч энэ жилийн хувьд онцгой их хэмжээтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!