Өчигдөр буюу Даваа гарагт АНУ болон Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд нар хоёр Солонгосыг тусгаарладаг хилийн зурвасын “Цэрэггүй Бүс”-д зочилсон юм.
Энэ үйл явдлаас нэг цаг хүрэхгүй хугацааны өмнө Умард Солонгосын арми 10 орчим их бууны сумаар гал нээсэн нь санамсаргүй тохиолдол биш байв.
Тухайлбал өчигдөр 16:00 цагийн орчимд тус улсын олон пуужин харвагч системээс Шар тэнгисийн ус руу гал нээснийг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний хамтарсан штабаас мэдээлсэн байна.
Үүнээс хойш удалгүй АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт, Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Ан Гю Бак нар хилийн шугамаас урагшаа 400 метрийн зайд оршдог Кэмп Бонифас баазад хүрэлцэн ирсэн юм.
“Манай зэвсэгт хүчин Умард Солонгосын зүгээс явуулж буй төрөл бүрийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж, аливаа болзошгүй аюул заналхийлэлд хариу арга хэмжээ авахад бэлэн байна” гэж хамтарсан штабын мэдэгдэлд өгүүлжээ.
Сүүлийн үед Пёняны дэглэм Өмнөд Солонгост болж буй үйл явдлуудтай давхцуулан зэвсгийн туршилт явуулсан тохиолдол гарсаар байна.
Бямба гарагт БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн нарыг Гёнжү хотод уулзаж байх үеэр Умард Солонгосын талаас бас 10 орчим удаа их буугаар гал нээж байв.
Үүнээс гадна АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг мөн Гёнжү хотод APEC-ийн дээд хэмжээний чуулганд оролцохоор ирэхээс нэг долоо хоногийн өмнө Умард Солонгос ойрын тусгалын хэд хэдэн баллистик пуужин харвасан юм.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!