Ирэх арван жилийн хугацаанд $70 гаруй их наядын хөрөнгө дараагийн үедээ өвлөгдөх ба үүний улмаас дэлхий даяар баян хоосны ялгаа улам нэмэгдэхийг эдийн засагчид анхааруулжээ.
Тэд энэ судалгаагаа энэ сарын сүүлээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) Йоханнесбург хотод чуулах Их 20-ын бүлгийн орнуудын удирдагч нарт танилцуулж, баялгийн тэгш хуваарилалтыг хангах арга хэмжээнд анхаарал хандуулахыг уриалах юм байна.
Судалгааг ӨАБНУ-ын ерөнхийлөгч Сирил Рамафосагийн захиалгаар Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц тэргүүтэй баг гүйцэтгэжээ.
Тэдний тооцоолсноор өнөөдөр дэлхийн 10 улс тутмын наймд нь хөрөнгө орлогын тэгш бус байдал нэмэгдэж байгаа гэнэ.
Тухайлбал дэлхийн бүх улс орнуудын 83 хувь Дэлхийн Банкны гаргасан тэгш бус байдлын өндөр үзүүлэлтийг хангаж байгаа ажээ. Эдгээр улсуудад дэлхийн нийт хүн амын 90 хувь амьдардаг.
Тэгш бус байдал өндөртэй улс орнуудад ардчилал мөхөх магадлал тэгш хуваарилалттай орнуудтай харьцуулахад долоо дахин өндөр байгааг судлаачид бас анхааруулжээ.
“Тэгш бус байдал нь хүмүүний нэр төрийг доройтуулах, хүртээмжтэй өсөлтөд саад учруулах, ардчилалд заналхийлэх гол хүчин зүйл юм. Тэгш бус байдлыг шийдвэрлэх нь бидний үеийнхний өмнө тулгарч буй зайлшгүй сорилт. Энэхүү судалгааны тайланд бидний хийж чадах ухаалаг, прагматик алхмуудыг тусгасан болно” гэж ӨАБНУ-ын ерөнхийлөгч Рамафоса мэдэгдсэн байна.
Их 20-ын бүлэг нь 2008 оны эдийн засгийн хямралын дараа дэлхийн хамгийн баян орнуудын Их Долоогийн бүлгийг илүү өргөн төлөөлөлтэй болгох зорилгоор байгуулагдсан юм.
Колумбын Их сургуулийн профессор Стиглицийн удирдсан судлаачдын баг нийгмийн тэгш бус байдлыг хянах, үр дагаврыг үнэлэх, шийдвэрлэх бодлого боловсруулах байнгын ажиллагаатай хороог Их 20-ын бүлгийн дэргэд байгуулах санал тавьж байгаа ажээ.
Дээрх тайланд дурдсанаар 2000-аас 2024 оны хооронд шинээр бий болсон баялгийн 41 хувийг дэлхийн хүн амын нэг хувь эзэмшсэн бол ердөө нэг хувь нь хүн амын доод талын 50 хувьд оногдсон байна.
Мөн 2035 он хүртэл $70 гаруй их наядын хөрөнгө дараагийн үед өвлөгдөхөөр байгааг Италийн эдийн засагч Салваторе Морелли тооцоолсныг тайланд дурджээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!