Умард Америк, Европыг агшааж, Африкийг томруулсан дэлхийн шинэ газрын зургийг НҮБ дэмжжээ
Баасан гарагт НҮБ-ын ерөнхий ассамблей Африк тивийн хэд хэдэн улсын санаачилгыг дэмжиж, Умард Америк, Европ тивүүдийн хэмжээг агшааж, өөрсдийнх нь тивийг томруулсан дэлхийн шинэ газрын зургийг дэмжих тогтоол гаргажээ.
Тивүүдийн газрын зургийг “илүү нарийвчлалтай дүрслэх” зорилготой уг тогтоолыг дэлхийн 164 улс дэмжиж, АНУ ганцаараа эсэргүүцсэн бол өөр зургаан улс санал хураалтад оролцохоос түдгэлзсэн байна.
“Equal Earth cartographic projection” нэртэй шинэ газрын зураг нь дэлхийн тивүүдийг илүү бодитой хэмжээгээр дүрсэлдэг гэж үздэг.
Одоо өргөн ашиглагддаг уламжлалт газрын зураг нь 1569 онд Флемандын зураг зүйч Жерардус Меркаторын далайн аялалд зориулан зурсан газрын зураг юм.
Уг зураг дээр тивүүдийн хэмжээг нэлээд алдаатай дүрсэлж байжээ.
Тогтоолын төслийг боловсруулсан Того улсын гадаад хэргийн сайд Роберт Дуссей дэлхийн газрын зураг нь “боловсролыг удирдан чиглүүлж, төсөөллийг бий болгож, ерөнхий ойлголтыг төлөвшүүлдэг” гэж дүгнэсэн байна.
“Тиймээс газрын зураг дээр манай тивийг гажуудуулж дүрсэлсэн нь буруу төсөөллийг үе дамжин уламжлуулах эрсдэлтэй” гэж тэр тайлбарлажээ.
Харин АНУ-ын төлөөлөгч уг тогтоолыг эсэргүүцэж, ийм шийдвэрүүд нь “энэ байгууллагын нэр хүндийг унагаж буй шалтгаан” гэж НҮБ-ыг шүүмжилсэн байна.
“Жинхэнэ асуудлуудад анхаарлаа хандуулахын оронд…энэ байгууллага 16 дугаар зууны үеийн газрын зургаар оролдож, үүний хор хохирол, таних мэдэхүйн шударга ёсны талаар хэлэлцэж байна” гэж АНУ-ын төлөөлөгч Ярина Ференцевич санал хураалтын өмнө мэдэгджээ.
Меркаторын зургийн алдаа нь гурван хэмжээст бөмбөрцгийг хоёр хэмжээст хавтгай дээр буулгахад гарсан бэрхшээлээс үүдэлтэй юм.
Үүний улмаас бөмбөрцгийн хойд хагасын хэмжээ тэлэгдэж, экватор орчмын хэсэг агшсан байдаг.
Хэсэг газрын зураг судлаачдын бүлэг 2018 онд “Equal Earth projection” төслийг эхлүүлж байв. Шинэ зурагт Африк, Латин Америк, Өмнөд Ази, Номхон далайн орнууд илүү том хэмжээтэй харагддаг.
Тогтоолыг хамтран санаачилсан Франц улс өчигдөр Меркаторын газрын зургийг цуцалж, шинэ газрын зургийг нэвтрүүлэх болсноо зарласан байна.
Меркаторын газрын зурагт “АНУ, ОХУ, Хятад улсууд Африк, Латин Америк, Зүүн Өмнөд Азитай харьцуулахад илүү том харагддаг. Гринланд арал л гэхэд Африктай бараг адилхан том харагдаж байгаа” гэж Францын гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро хэлжээ.
“Газрын зураг солих нь дэлхийг өөрчлөхгүй. Гэхдээ гажуудсан дүрслэлийг засах нь үнэнд нийцнэ” гэж тэр хэлсэн байна.
Энэ санаачилга нь Франц улс Африк тивтэй, ялангуяа өөрийн колони байсан улс орнуудтай харилцаагаа сайжруулахыг хичээж буйн илрэл болжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
