Аргентин хос Нацистуудын дээрэмдсэн уран зургийг хууль ёсны эзэнд нь буцааж өгөхөөр болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германы Нацистуудын дээрэмдсэн уран зураг өнгөрсөн онд Аргентинаас санамсаргүй тохиолдлоор олдсон юм.

Тэгвэл шүүх өчигдөр уг бүтээлийг хууль ёсны эзэмшигчийн өв залгамжлагчид буцааж өгөх шийдвэр гаргажээ.

Бароккогийн сүүл үеийн хэв маягийг шингээсэн “Хатагтайн хөрөг” 80 гаруй жилийн дараа Буэнос-Айрес хотын ойролцоо зарагдах гэж байсан орон сууцны гэрэл зургаас анх илэрсэн юм.

Энэ орон сууц дайны дараа дүрвэж ирсэн нацистын охин Патрисиа Кадгиений өмч байжээ.

Кадгиен хулгайн бүтээлийг нуун дарагдуулсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээхээс зайлсхийхийн тулд уран зургийг эзэнд нь шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн юм байна.

“Хатагтайн хөрөг” нь 1940 онд Нидерланд улс нацистуудад эзлэгдсэний дараа урлагийн бүтээлийн жүүд худалдаачин Жак Гүдстиккерийн цуглуулгаас дээрэмдсэн 1,000 гаруй бүтээлийн нэг ажээ.

Түүний бэр, цорын ганц өв залгамжлагч Марей фон Сахер уг бүтээлийг Буэнос-Айрес хотын Холокостын музейд түр хугацаагаар байрлуулж, олон нийтэд энэ талын мэдлэг түгээхээр төлөвлөж байгаа гэнэ.

Кадгиений орон сууцыг худалдах зарын гэрэл зурагт “Хатагтайн хөрөг” байгааг анх 2025 оны наймдугаар сард Нидерландын Algemeen Dagblad сонин олж мэдээлж байжээ.

Уг бүтээл Кадгиений зочны өрөөний ногоон буйдангийн ард хананд өлгөөтэй байсан юм.

Кадгиений аав Фридрих Кадгиен нь Адольф Хитлерийн орлогч Херманн Герингийн ахлах зөвлөхөөр ажиллаж байжээ.

Кадгиен болон түүний нөхөр дээрэмдүүлсэн урлагийн бүтээлийн бүх эрхийг хууль ёсны эзэнд нь шилжүүлж, 4.8 сая песо ($3,185) орон нутгийн эмнэлэгт хандивлах нөхцөлөөр ямар ч ял шийтгэлгүй өнгөрөхөөр прокуроруудтай тохиролцсон юм байна.

 

Эх сурвалж: BBC