Уншиж байна ...

Ираны нийслэл Тегеран хотод ундны усны хоёр долоо хоногийн нөөц үлджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Ираны нийслэл Тегеран хотын оршин суугчдыг ундны усаар хангадаг гол эх үүсвэр ган гачгийн улмаас ердөө хоёр долоо хоногийн нөөцтэй болжээ.

Тухайлбал Тегераныг усаар хангадаг таван далангийн нэг болох Амир Кабир далангийн усны нөөц нийт багтаамжийнхаа ердөө найман хувьд буюу 14 сая шоо метрт хүрснийг нийслэлийн ус хангамжийн компанийн захирал Бехзад Парса ярьсныг IRNA агентлаг Ням гарагт мэдээлсэн байна.

Энэ нь нийслэл хотыг хоёр долоо хоног хангах нөөц ажээ.

Тегеран мужид энэ жил тохиолдсон ган гачгийг “бараг сүүлийн зуун жилд үзэгдээгүй гамшиг” гэж албаныхан үзэж байна.

10 сая оршин суугчтай Тегеран хот нь далайн түвшнээс 5,600 метр өндөрт өргөгдсөн Алборз уулсын мөнх цаснаас эхтэй голуудын усаар ундаалдаг.

Жилийн өмнө Амир Кабир далан 86 сая шоо метр усны нөөцтэй байсан байна. Гэвч өнгөрсөн нэг жилийн хугацаанд Тегеран орчимд унадаг хур тунадасны хэмжээ бараг 100 хувиар буурчээ.

Бусад далангуудын усны нөөц ямар байгаа талаар Парса ярилцлагадаа дурдаагүй байна.

Ираны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Тегераны оршин суугчид өдөр бүр гурван сая шоо метр ус хэрэглэдэг гэнэ.

Сүүлийн өдрүүдэд хязгаарлах арга хэмжээ авсны улмаас зарим дүүргүүдэд ус тасрах явдал олон удаа гарчээ.

Мөн өнгөрсөн зуны турш цахилгаан эрчим хүчний тасалдал олон удаа гарсан юм.

Тухайлбал долоо, наймдугаар саруудад эрчим хүч хэмнэх зорилгоор Тегеранд хоёр удаа бүх нийтийн амралтын өдөр зарлаж байв.

Усны хомсдол нь Иран даяар, ялангуяа хуурай уур амьсгалтай өмнөд мужуудад томоохон асуудал болоод байгаа.

Үүнд усны нөөцийн буруу менежмэнт, хэт ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгаа гэж үздэг.

Ираны хөрш Ирак улсад 1993 оноос хойших хамгийн хуурай жил тохиож байгаа.

Баруун Азийн уулсаас эх авч, Персийн буланд цутгадаг Тигр, Евфрат мөрнүүдийн усны түвшин 27 хувиар буурсан нь хур тунадас бага орсноос болсон гэж үзэж байна.

 

Эх сурвалж: AFP