Уншиж байна ...

Амь насанд нь халдах оролдлогоос зугтсан Мадагаскарын ерөнхийлөгч “аюулгүй газарт” байгаагаа мэдэгджээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Олон хоног үргэлжилсэн засгийн газрын эсрэг иргэдийн тэмцлийн дараа өчигдөр буюу Даваа гарагт Мадагаскарын ерөнхийлөгч Андри Разуэлина үл мэдэгдэх газраас ард түмэндээ хандан үг хэлжээ.

Тэрбээр амь насанд нь халдах оролдлогоос зугтан “аюулгүй газарт” ирээд байгаагаа энэ үеэр мэдэгдсэн байна.

Мадагаскарын зэвсэгт хүчнийхэн  тэмцэгчдийг дэмжихээ мэдэгдсэний дараа түүнийг Ням гарагт Францын цэргийн нисэх онгоцоор эх орноосоо зугтсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.

“Би амь насаа хамгаалахын тулд аюулгүй газар хайхаас өөр аргагүй болсон. Би энэ бүгдэд шийдэл олохын тулд үргэлжлүүлэн ажиллах болно. Зөвхөн үндсэн хууль энэ хямралыг шийдэж чадна” гэж 51 настай ерөнхийлөгч Фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Зэвсэгт хүчин төрийн өмчит телевизийг хяналтдаа авахаар сүрдүүлсний улмаас өчигдөр Разуэлинагийн мэдэгдэл хийх цаг хоёр удаа хойшилсон юм.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагаас хойш олны өмнө ил гараагүй байжээ.

Энэтхэгийн далайн арал улс Мадагаскарт хоёр долоо хоног гаруйн өмнө эрчим хүч, усны хангамжийн тасалдлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцэл эхэлсэн юм.

Сүүлдээ энэ нь Разуэлинаг огцрохыг шаардсан засгийн газрын эсрэг тэмцэл болон өргөжжээ.

зураг
 

Мадагаскарыг колоничилж байсан Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр тус улсад үүссэн нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ тэр Разуэлинаг дүрвүүлэхэд Франц улс оролцсоныг батлахаас татгалзжээ.

“Би өнөөдөр юуг ч батлахгүй. Би зөвхөн маш их санаа зовж байгаагаа илэрхийлмээр байна” гэж Макрон энэ үеэр хэлсэн юм.

Ням гарагт Мадагаскарын зэвсэгт хүчин тэмцэгчдийг дэмжихээ мэдэгдсэн нь Разуэлинагийн хувь заяаг шийдсэн байна.

Разуэлина нь 2009 оны цэргийн эргэлтийн дараа засгийн эрхэнд гарч, дараа нь хоёр ч удаа ерөнхийлөгчийн сонгуульд ялсан юм.

2009 оны цэргийн эргэлтэд гол үүрэг гүйцэтгэсэн зэвсэгт хүчний CAPSAT тусгай анги Бямба гарагт тэмцэгчдийн эсрэг гал нээхээс татгалзаж байгаагаа зарлажээ. Тэд эрх баригчдын тушаалыг хэтэрхий хатуудсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

НҮБ-ын тооцоолсноор Мадагаскарт жагсаал тэмцэл эхэлснээс хойш хамгийн багадаа 22 хүний амь үрэгдсэн байна. Эдгээрийн заримыг хууль сахиулагчдын гарт, заримыг үймээн дэгдээгчид, дээрэм тонуул үйлдэгчдийн гарт алагдсан гэж үзэж байгаа.

Ням гарагт жагсагчдын шаардлагын дагуу Мадагаскарын парламент болох Сенат өөрийн спикер Ришар Раваломананаг огцруулсныг зарлаж байв.

Тэрбээр өмнө нь хагас цэрэгжүүлсэн цагдаагийн хүчний генерал байсан хүн юм.

Мадагаскар улс 1960 онд Францын колоничлолоос салж, тусгаар тогтнолоо зарласан ч улс төрийн тогтворгүй байдлаас өнөөг хүртэл гарч чадахгүй байгаа.

Африкийн Холбооны аюулгүй байдлын зөвлөл Даваа гарагт тус улсын зэвсэгт хүчинд хандан үндсэн хуулийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, улс төрийн асуудалд хөндлөнгөөс хутгалдахгүй байхыг уриалжээ.

 

Эх сурвалж: AFP