Туулын хурдны замыг барих цэгт улаан шугам татаж, түр зам тавих болон төслийн газар чөлөөлөлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өгөв.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр: Туулын хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт зургаан эгнээ 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөсөн. Үүнээс хамгийн урт буюу 7.2 км үргэлжлэх гүүрэн байгууламж нь Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл байх юм.
Өнөөдөр бид нарийвчилсан зургийн дагуу улаан шугам татаж байгаа нь Нэгдүгээр тойрог зам болон Туулын хурдны замын олон түвшний огтлолцлоор гарах эхний огтлолцох цэг дээр улаан шугам татаж байна. Үргэлжлүүлэн зүүн тийш Налайхын зам, баруун тийш Маршалын гүүр рүү холбогдох ажлуудыг хийнэ.
Туулын хурдны замыг 2027 оны наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Цаашлаад 2028 оны наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд тоноглол болон камержуулалтын системийг бүрэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн.
Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн: Өнөөдрийн байдлаар замын зураг төслийн ажлыг эцэслэн баталсан.
Бүтээн байгуулалтын ажил өрнөх эхлэл болон төгсгөл цэгээс трассын дагуу түр зам тавих ажил үргэлжилж байна. Мөн гурван байршилд төслийн гүйцэтгэгчийн кемпийн барилгын ажил эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 15-нд бүрэн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа юм. Энэ оны хувьд бүтээн байгуулалтын удирдлагын түвшинд 30-40 хүн ажиллаж байна. Ирэх онд 1,000-1,500 орчим хүн уг төсөлд ажиллана гэсэн тооцоолол гарсан.
Газар чөлөөлөлтийн талаар НГЗБА-ны Газар чөлөөлөх II хэлтсийн Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ш.Амартайван: Туулын хурдны замын газар чөлөөлөлтөд Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт 132 нэгж талбар өртөж буй. Үүнээс эхний ээлжийн 22 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож, газрыг чөлөөлсөн. Үлдсэн нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна.
Туулын хурдны замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувь, Энхтайвны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25 хувь, Сонсголонгийн гудамжны ачаалал 5–17 хувиар буурч, замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!