Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Украины баруун бүсийг чиглэсэн Оросын агаарын томоохон цохилтын үеэр 5 хүний амь үрэгджээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнө Украины баруун бүс нутагт Оросын пуужин, дроны томоохон довтолгоо явагдах үеэр нийтдээ таван хүн амиа алдаж, олон арван мянган хүн цахилгаан хангамжгүй болжээ.

Львов мужийн Лапайвка тосгонд нэг гэр бүлийн дөрвөн хүн алагдсаны нэг нь 15 настай охин байсан байна.

Өөр нэг эмэгтэй Запорожье мужид амиа алджээ.

Оросын тал энэ шөнө 50 гаруй пуужин, 500 орчим нисгэгчгүй онгоцоор довтолсныг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлсэн байна.

Цохилтын гол бай Львов орчмын нутаг байжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам уг агаарын довтолгоог Украины цэргийн болон дэд бүтцийн байгууламжуудыг чиглэсэн амжилттай ажиллагаа гэж тодорхойлсон байна.

Украины баруун бүс нутгийг голдуу чиглэсэн энэхүү довтолгооны үеэр хөрш Польш улс агаарын орон зайгаа хамгаалах арга хэмжээ авчээ.

“Польшийн болон холбоотнуудын нисэх онгоцнууд манай агаарын орон зайд ажиллаж, газарт суурилсан агаарын довтолгооноос хамгаалах болон радарын системүүд хамгийн дээд бэлэн байдалд шилжлээ” гэж Польшийн зэвсэгт хүчний удирдлагын төв сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.

Запорожье мужийн 73,000 гаруй оршин суугч довтолгооны дараа гэрэл цахилгаангүй болсныг орон нутгийн захирагч Иван Федоров мэдээлжээ.

Польшийн хилээс 70 км зайд оршдог Львов хотын зарим хэсэг бас цахилгаан хангамжгүй болсон байна.

Оросын талаас харвасан нийт 478 нисгэгчгүй онгоц, пуужинг Украины зэвсэгт хүчин унагаж чадсанаа мэдээлжээ. Өөр зургаан зэвсэг байндаа хүрч чадаагүй гэнэ.

Харин Украин даяар 20 газарт найман пуужин, 57 дрон байндаа туссан бөгөөд устгасан дрон, пуужингийн хэсгүүд зургаан газарт унасныг бүртгэжээ.

Өвлийн улирал ойртож байгаатай холбогдуулан Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд довтолгоогоо чиглүүлж байна.

Фронтын шугамын нөгөө талд нэг шөнийн дотор Украины 32 дроныг нутаг дэвсгэр дээрээ устгасныг Оросын тал мэдээлжээ.

Оросын газрын тосны үйлдвэрүүдийг чиглэсэн Украины агаарын довтолгоо сүүлийн хоёр сар үргэлжилж, их хэмжээний хохирол учруулаад байгаа. Үүний үр дүнд Оросын зарим бүс нутагт бензин шатахууны хомсдол үүсээд байна.

Өнгөрсөн долоо хоногт Fox News сувгаар ярихдаа АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Кэйт Кэллог тус улсын засаг захиргаа Оросын газар нутгийн гүнд довтлох Украины ажиллагааг дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм.

“Хариулт бол тийм. Газар нутгийн гүнд довтлоход ямар нэг хязгаарлалт байхгүй” гэж тэр хариулжээ.

 

Эх сурвалж: BBC