Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын эсрэг хориг арга хэмжээний “хоёр дахь шат” эхлэхэд бэлэн болсныг Трамп мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Орос улс дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын довтолгоогоо Украины нутаг дэвсгэрт явуулсан билээ.

Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дайныг зогсоож, Оросыг яриа хэлэлцээний ширээнд суулгахын тулд ээлжит хориг арга хэмжээ авахад ойрхон байгаагаа мэдэгджээ.

Цагаан ордонд сэтгүүлчид түүнээс хориг арга хэмжээний “хоёр дахь шат” эхлэхэд бэлэн эсэхийг асуухад Трамп “Тийм ээ, бэлэн” гэж хариулсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Дараа нь Мэрилэнд муж дахь Эндрьюс нэгдсэн баазад сэтгүүлчидтэй уулзахдаа “Энэ бол хүн төрөлхтний эсрэг үйлдэж буй аймшигтай зүйл. Тэнд болж байгаа үйл явдал миний санааг зовоож байна. Үүнийг би шийдэж чадна гэж бодож байна” гэж Трамп ярьжээ.

Үүний өмнө NBC News сувгаар ярихдаа АНУ-ын сангийн сайд Скотт Бессент “Бид Орос улсад үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхэд бэлэн болсон. Гэхдээ Европын түншүүд маань биднийг дагах шаардлагатай байна” гэж хэлсэн юм.

“Одоо бид Украины арми хэр удаан тэсэх вэ, Оросын эдийн засаг хэр удаан тэсэх вэ гэсэн уралдаанд оролцож байна. Хэрвээ АНУ болон Европын Холбоо арга хэмжээгээ чангатгаж, Оросын газрын тосыг худалдаж авдаг орнуудыг хоёрдогч татвараар шийтгэвэл Оросын эдийн засаг бүрэн нурах болно” гэж тэр цааш нь хэлжээ.

Европын Холбоо дайн эхэлснээс хойш Оросын газрын тос, байгалийн хийн импортоо эрс багасгасан ч бүрэн зогсоох хугацаагаа 2027 он гэж тогтоод байгаа. Трампын засаг захиргаа үүнийгээ эрт зогсоохыг Европын түншүүдээсээ шаардаж байгаа гэсэн мэдээлэл бий.

Ням гарагт ABC News сувагт өгсөн ярилцлагадаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ талаар “Би бүх түншүүд, холбоотнууддаа маш их талархдаг. Гэвч тэдний зарим нь Оросын газрын тос, байгалийн хийг үргэлжлүүлэн авсаар байгаа нь шударга бус хэрэг. Оростой худалдаагаа үргэлжлүүлсээр байгаа улсуудын эсрэг татварын арга хэмжээ авах нь зөв санаа гэж би бодож байна” гэж хэлжээ.

Ерөнхийлөгч Трампын хувьд олон сарын турш Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаар сүрдүүлж байгаа ч энхийн яриа хэлэлцээнд ахиц гаргах сонирхлын үүднээс хэрэгжүүлэхээс зайлсхийсээр байгаа.

Гэвч энхийн үйл явцад ахиц дэвшил маш бага гарч, Оросын тал Украины эсрэг дайнаа улам эрчимжүүлж байгаа нь энэ эргэлзээг арилгаж магадгүй болоод байна.

 

Эх сурвалж: Reuters