Украины зэвсэгт хүчин өчигдөр буюу Бямба гарагт ОХУ-ын газар нутгийн гүнд байрладаг агаарын баазад довтолсноо мэдээлжээ.
Цохилтод өртсөн Воронеж мужийн Борисоглебскийн агаарын бааз нь Оросын армийн Су-34, Су-35С, Су-30СМ сөнөөгч онгоцнуудын үндсэн бааз болохыг Украины зэвсэгт хүчний жанжин штаб мэдэгдэлдээ тайлбарласан байна.
Мөн энд тэсрэх бөмбөгийн нөөц хадгалагдаж, сургалтын болон бусад зориулалтын нисэх онгоцнууд байрладаг талаар дурджээ.
Одоогоор ОХУ-ын батлан хамгаалах яам энэ талаар ямар нэг байр суур илэрхийлээгүй байна.
Өнгөрсөн сарын эхээр Украины тал Оросын нутаг дэвсгэрийн гүнд байрладаг хэд хэдэн агаарын баазад дроноор довтолж, стратегийн нисэх хүчинд нь их хэмжээний хохирол учруулсан юм.
Бямба гарагийн шөнө Оросын талаас Украины нутаг дэвсгэрт нийт 322 нисгэгчгүй онгоц, төөрөгдүүлэгч дроноор довтолжээ.
Эдгээрийн 157-г нь устгаж, 135-ыг нь цахилгаан соронзон долгионы зэвсгээр удирдлагагүй болгосноо Украины агаарын хүчин мэдээлсэн байна.
Энэ удаагийн цохилтын гол бай Украины баруун бүсийн Хмельницкий муж болжээ. Гэхдээ үүний улмаас ямар нэг хохирол амсаагүй, хүний амь нас, эрүүл мэнд хохироогүйг мужийн захирагч Серхий Тюрин баталсан байна.
Өмнөх өдөр нь Оросын тал пуужин, дрон ашигласан энэ дайны хамгийн том агаарын довтолгоог Киев хотын чиглэлд явуулсан юм.
Уг халдлагад хоёр хүний амь үрэгдэж, 31 хүн шархадсаныг хотын захирагч Виталий Кличко өчигдөр мэдээлсэн байна.
Баасан гарагт АНУ, Украины ерөнхийлөгч нар утсаар ярилцсаны дараа энэ халдлага болсон юм.
Энэ үеэр Трамп, Зеленский нар Украины агаарын хамгаалалтыг бэхжүүлэх талаар ярилцсаныг хоёр талын албаны эх сурвалжууд баталж байгаа.
Баасан гарагийн орой Трампаас сэтгүүлчид энэ талаар асуухад “Бидний хооронд маш сайхан яриа өрнөсөн” гэж хариулжээ.
Дайныг зогсоох боломжийн талаар асуухад тэр “Надад мэдэх юм алга. Дайн зогсох үгүйг одоохондоо би хэлж чадахгүй нь” гэж хариулсан байна.
ОХУ-ын батлан хамгаалах яам Бямба гарагийн шөнө өөрийн нутаг дэвсгэр дээр Украины 94 дроныг, өглөө нь нэмж 45 дроныг устгаснаа мэдээлсэн юм.
Саратов мужийн эрх баригчид Энгельс хотод 25 орон сууц дроны халдлагад өртсөнийг баталсан ч хүний амь нас, эрүүл мэнд хохирсон талаар дурдаагүй байна.
Москва хотыг чиглэн ирж байсан Украины дөрвөн дроныг Бямба гарагийн өглөө устгасан тухай тус хотын захирагч Сергей Собянин мэдэгджээ.
Энэ үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс Шереметьево нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоосон талаар Оросын агаарын тээврийн зохицуулах байгууллага Росавиация мэдэгдэлдээ дурдсан байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!