Ням гарагт Ираны цөмийн байгууламжуудыг АНУ бөмбөгдсөний дараа Тегераны эрх баригчдын хариу арга хэмжээг дэлхий нийтээр сэтгэл түгшин хүлээж байлаа.
Тэгвэл өнгөрсөн шөнө уг хариу арга хэмжээгээ авч, Катар дахь АНУ-ын цэргийн бааз руу пуужингаар довтолжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг довтолгоог “маш сул” байсан тул ганц ч америк болон катар хүний амь нас, эрүүл мэнд эрстээгүйг зарласан байна.
Мөн цохилтынхоо талаар урьдчилж мэдэгдсэн Ираны талд талархаж байгаагаа илэрхийлжээ.
“Цөмийн байгууламжуудад өгсөн манай цохилтын хариу бидний төсөөлж байсанчлан маш сул байлаа. Хариу довтолгоог бид маш сайн үр дүнтэй няцаасан” гэж Трамп сошиал хуудсандаа бичсэн байна.
Түүний мэдээлснээр Ираны талаас 14 пуужин харвасны 13-ыг нь устгасан бөгөөд үлдсэн нэг нь “аюулгүй чиглэлд” ниссэн тул сул орхисон гэнэ.
“Хамгийн гол нь тэд системээ бүхэлд нь шавхсан тул цаашид дахин ийм зүйл болохгүй гэж найдаж байна. Бидэнд урьдчилж мэдээлсэн Иранд баярлалаа. Магадгүй Иран одоо бүс нутагтаа энх тайван, эв найрамдал тогтоохын төлөө явах байх. Израиль ч мөн адил ингэвэл би дуртайяа дэмжих болно” гэж Трамп цааш нь бичжээ.
Удалгүй тэр “Дэлхий нийтэд баяр хүргэе, энх тайван цаг ирлээ” гэж бичсэн байна.
Катар болон Персийн булангийн бусад улсууд Ираны агаарын довтолгооны улмаас хаагаад байсан агаарын орон зайгаа буцааж нээжээ. Доха дахь АНУ-ын элчин сайдын яам иргэддээ хоргодох байрнаас гарах боломжтой болсныг мэдэгдсэн байна.
Сүүлд Трамп дахин сошиал сүлжээнд хандахдаа Израиль, Иран улсууд “бүрмөсөн гал зогсоох” тохиролцоонд хүрснийг зарласан юм.
Талууд тус тусын байлдааны ажиллагаануудыг зогсоосны дараа буюу зургаан цаг орчмын дараа гал зогсохоор болсныг тэр мэдээлжээ.
Ингэхдээ Трамп энэ удаагийн мөргөлдөөнийг “12 өдрийн дайн” хэмээн нэрлэсэн байна.
“Энэ дайн олон жил үргэлжилж, Ойрх Дорнодыг бүхэлд нь сүйрүүлж болох байсан ч тэгсэнгүй. Дахин хэзээ ч давтагдахгүй боллоо” гэж тэр бичжээ.
Гэхдээ Израиль, Иран улсуудын аль аль нь гал зогсоох тохиролцоонд хүрснээ одоогоор батлаагүй байна.
Ойрх Дорнодын бүс нутаг дахь АНУ-ын хамгийн том цэргийн бааз Катар улсад байрладаг юм. Өнгөрсөн шөнө Аль-Удейд нэртэй энэ бааз руу Ираны талаас пуужингаар довтолжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!