НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр/2025.05.26/ үргэлжилж, тавдугаар ДЦС-ыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барих асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр төлөөлөгчид үнэ тарифын талаар асуулт асууж, албаныхан хариу мэдээлэл өгөв.
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: ДЦС-5 төслийн нийт хөрөнгө оруулалт 658 сая ам.доллар. Бүрэн шинжилгээ хийж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Хуульд заасны дагуу хувийн хэвшлүүд оролцоно. Хувийн хэвшлүүдтэй гэрээний хэлэлцээрийн явцад тохиролцож, дахин НИТХ-аар хэлэлцэнэ. Хөрөнгө оруулалтын өртөг нэмэгдэхгүй. ДЦС-ыг барих төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний 17 хавсралт бүхий эх загварыг бүрдэнэ. Үүний нэг нь тариф. 25 жилийн хугацаанд тогтвортой, нэг Кв.цаг эрчим хүч 9.5 цент байна. Энэ үнэ хөдлөхгүй.
Тавдугаар дулааны цахилгаан станц ТЭЦ-2-ын өмнөх үнсэн савийн байршилд барина. Төслийн 2021 онд хийгдсэн ТЭЗҮ-ийг энэ оны гуравдугаар сард тодотгож төмөр замаар хангах, дулааны тооцоо, үнсийг байрлуулах технологи, цахилгааны дэд станц, агаарын шугам хоолой зэргийг шинэчилсэн. Энэхүү шинэчилсэн ТЭЗҮ-ээр 2025 оны төсөв 658.5 сая ам.доллар байгаа.
Төслийг сонирхогч компаниуд олон байгаа. Хамгийн анх урьдчилсан үнэлгээг хэд хэдэн газартай хийсэн.
Нэг Гкал/ц дулаанаар ойролцоогоор есөн давхар 92 айлын орон сууцыг халаах нормтой байдаг. Тавдугаар дулааны цахилгаан станцын үйлдвэрлэх 340 Гкал/цаг дулаанаар 51,000 айлын янданг бууруулж, Улаанбаатар хотын баруун хэсгийг дулаанаар хангах тооцоололтой.
Станцын 80%-ийг хувийн хэвшил, 20%-ийн санхүүжилтийг нийслэлийн төсвөөр барих бүрэн шинжилгээ гарсан. Санхүүжилтийг 100% гаргах хувийн хэвшилд давуу байдал олгохоо сонгон шалгаруулалтад дурдана.
“Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ-ын дарга н.Бямбадорж: Станц жилд 2.2 тэрбум Кв.цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Эрчим хүчний зохицуулах хорооноос нүүрсээр ажиллах шинэ станцуудын тарифыг 8.2-8.9 центээр баталж байгаа. Энэ хүрээнд жилд 7,500 цаг ажиллахаар тооцоход 200 орчим сая ам.долларын орлого орно. Ингэснээр эхний гурван жил үндсэн зээлээс чөлөөлөгдөж, сүүлийн долоон жилд зээл, зээлийн хүүг төлөх боломжтой.
Станцыг барих хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, хамгийн боломжит, сайн санал ирүүлсэн түншлэгчтэй гэрээ байгуулна. Гэрээний төслийг НИТХ-аар хэлэлцэж гэрээ байгуулна.
Төслийг Монгол Улсад станц барьж байгаа дотоодын болон Японы компаниуд сонирхож байгаа.
"Улаанбаатар түншлэл төв"-ийн захирал З.Батырбек: ДЦС-5-ыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх олон улсын нээлттэй тендерийг нэг сарын хугацаатай зарлана.
Харин НЗДТГ-аас дулааны V цахилгаан станц төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтыг өнөөдрөөс эхлэн зарласан байна.
Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр Баянгол дүүргийн 20-р хороо, II цахилгаан станцын үнсэн сан дээр тус станцыг барих бөгөөд ирэх есдүгээр сард сонгон шалгаруулалтыг дуусган гэрээг баталж, түүнээс хойш 30 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийг Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд 300 МВт эрчим хүч, 340 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байна.
Тус станц нь Таван шар, 21-р хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3,4-р хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар хангах бөгөөд 2025-2028 онд хэрэгжүүлэх юм байна. Станц ашиглалтад орсноор гэр хорооллын 51,000 яндан буурч, үүний цаана агаарын бохирдол байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл өндөр байхаас гадна төслийн хүрээнд 800мм-н 500 хос метр шугам тавигдах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|