Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой Комисс, Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэл хүргэхээр хэвлэлийн хурал зарлалаа.
Өнөөдрийн байдлаар нийт 12 аймгийн 52 суманд, нийслэлийн хоёр дүүрэгт нийт 76 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн байна.
Энэ талаар "Богдхан ууланд гарсан түймрийг цурамд оруулж, унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Бүрэн унтраасан гэж ойлгож болно.
Манай холбогдох мэргэжлийн байгууллагууд түймрийн голомтод шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа" гэж УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү хэллээ.
Өчигдөр (2025.04.28)-ны байдлаар нийт таван удаагийн ой хээрийн түймэр бүртгэгджээ.
Алба хаагчид
Түймрийн нөхцөл байдлын талаар "Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраасан.
Богдхан ууланд гарсан түймрийг цурамд оруулаад унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Бүрэн унтраасан гэж ойлгож болно.
Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур болон Зүүнбүрэн суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа.
Өчигдөр Зүүнбүрэн суманд гарсан түймэрт дөрвөн монгол гэр, 10 айлын өвөлжөөний хашаа, нэг трактор шатсан гэсэн урьдчилсан мэдээлэл ирсэн. Түймрийг бүрэн унтраах ажиллагаа үргэлжилж байгаа учраас хохирлын дүн мэдээ эцэслэн гараагүй.
Булган аймгийн Хангал суманд дөрөвдүгээр сарын 26-ний өдөр буюу уржигдар гарсан түймэр цурамд байгаа. Тухайн түймрийн голомтод цурмыг манаж бүрэн унтраах ажиллагааг холбогдох мэргэжлийн байгууллагууд зохион байгуулаад ажиллаж байна.
Та бүхэн мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмж, сэрэмжлүүлгийг дагаж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дор бүрнээ авч хэрэгжүүлэхийг онцгойлон анхааруулъя" гэдгийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү хэлэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!