Уншиж байна ...

Х.Нямбаатар: Хийн болон цахилгаан халаагуурт шилжсэн гэр хорооллын бүх айлд адил 100,000 төгрөгийн урамшуулал олгоно

Д.Янжиндулам, ikon.mn
4 цаг 32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хийн түлшинд шилжсэн гэр хорооллын шаардлага хангасан өрхөд урамшуулал олгох журам удахгүй батлагдана гэж хотын дарга өнгөрсөн сард мэдэгдэж байв. Тэрбээр гэр хорооллын айл өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, хэрэглээнд нь үнийн урамшуулал олгох журмын төслийг танилцуулав. Журмын төслийг НИТХ-аас батлах юм байна.



"Гэр хорооллын 100,000 айлын бүсчлэлийг ногоон бүс гэж НИТХ-аас тогтоохоор бэлдэж байгаа. Баруун талдаа Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчмоор, зүүн талдаа Баянзүрх дүүргийн Монос орчмоор хязгаарлагдана.

Ногоон бүсчлэлд орох 100,000 айлыг албадахгүй, өөрсдөө цахилгаан халаагуурыг суурилуулах хүсэлтэй, дараах шаардлагыг хангасан тохиолдолд дагуу урамшуулал олгоно.

  1. Тухайн айл цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх
  2. Гэр, байшингаа дулаалсан байх
  3. Пийшингээ гаргах хүсэлтээ илэрхийлэх.

Хийн болон цахилгаан халаагуурт шилжсэн бүх айлд адил сар бүр 100,000 төгрөгийн урамшуулал олгоно. Том байшинтай айлд их, жижиг байшинтай айлд бага хэмжээний урамшуулал олгоно гэхгүй, жигд өгнө. Эхний ээлжид дөрөвдүгээр сараас холболт хийн ирэх наймдугаар сард 10 мянган айлыг цахилгаан халаагуур, 20 мянган айлыг хийн халаагуурт шилжүүлж, 100,000 төгрөгийн урамшууллыг өгөх тооцоолол гаргасан. 

Нийслэлд хийн болон цахилгаан халаагуурын 30,000 ширхэг төхөөрөмж байна. Шаардлага хангасан айлд суурилуулж өгнө. Бидний санал болгож байгаа хийн болон цахилгаан халаагууруудаас иргэд өөрсдөө сонгоно. Хүчин чадлын хувьд 50 ам метр хүртэлх болон түүнээс дээш талбайтай байшинд хэрэглэх гэсэн сонголтууд бий. Эдгээрийг захиалж үйлдвэрлүүлдэг тул хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой. 

Жишээлбэл цахилгаан халаагуурын төхөөрөмж нь монгол гэрийн гадна талд суурилуулахад хүйтэн агаарыг сорж, дотогш халуун агаар оруулна. Дулаалгатай монгол гэрт уг төхөөрөмжийг суурилуулахад сард цахилгаан эрчим хүчний 138,000 төгрөгийн төлбөр гарна. Үүний 100,000 төгрөгийг урамшуулал болгож өгнө. Хэрэглэгч 38,000 төгрөгийг төлнө.

Цагаан сараар олон газар цахилгаан халаагуурын төхөөрөмжийг туршиж үзлээ. Ямар ч хүйтэн гэрийг 10 минутын дотор хүн байж суухын аргагүй болтол халааж байна. Агаарын температурыг өөрөө тааруулах технологитой төхөөрөмж.

Харин хийн халаагуурын давуу тал нь газан дээр хоол ундаа хийчихээр цахилгаан эрчим хүчний төлбөрт илүү хэмнэлттэй.

Манайхан хийн хэрэглээнд төдийлөн дасаагүй байгаа учраас хийн халаагуур хэрэглэхгүй гэвэл цахилгаан халаагуур сонгох боломжийг нь олгоно. Гэхдээ нэн тэргүүнд дулаан алдалтаа бууруулах шаардлагатай.

Шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт дээр хийн болон цахилгаан халаагуурын хөнгөлөлт нэмэгдэхээр хэрэглэгчид дарамтгүй хувилбар үүснэ гэж найдаж байна.

“Таван толгой түлш” ХХК-ийн түлшний үйлдвэрийн өнгөрсөн жилийн санхүүжилтийн дүнгээр 30,000 айлд суурилуулах хийн болон цахилгаан халаагуурын төхөөрөмжийг худалдаж авна. Энэ хэмжээгээр түлшний үйлдвэрлэлийг бууруулна. Өөрөөр хэлбэл улс, нийслэлийн төсвийн мөнгөөр төхөөрөмж худалдаж авахгүй.

Төхөөрөмжийг бид хэлэлцээрийн аргаар хамгийн боломжит үнээр авна. Газар ухаж газын баллонуудыг суурилуулж, таглана. Газанд угаартах аюулаас сэргийлж мэдрэгч суурилуулна.

Айл өрхүүдэд аюулгүй ажиллагаа, угаартахгүй байх талаас нь заавар зөвлөгөөг мэргэжлийн байгууллагууд өгнө. Ингэж яндангаа буулгаж, агаарын бохирдлоосоо сална" гэв.