Хүн мэдэхгүй зүйлээсээ хамгийн их айдаг гэдэг. Харин үнэн зөв мэдээлэл авч, мэдлэгтэй болсноор хөгжлийг ойлгох боломжтой.
Хамгийн сүүлийн үед иргэдийн дунд айдас төрүүлээд байгаа сэдвүүдийн нэг нь яах аргагүй уран. Яагаад гэвэл монголчууд энэ талаар мэдлэг үнэхээр хомс, "Чырнобыл" киногоор л хор хөнөөлийг нь төсөөлж, үе үе гажиг төл барьж гарч ирдэг элдэв хөдөлгөөнийхний хийрхлээр энэ тухай ойлголтоо бий болгосон нь зонхилно.
Тиймээс ураны талаар, ялангуяа Монгол дахь ураныг олборлох гэж байгаа технологийн талаар иргэн танд мэдлэг өгөхийг хүслээ.
Уран бол орчин үеийн, ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийн гол түүхий эд, дулаан ялгаруулдаг цацраг идэвхт элемент. 1789 онд Германы эрдэмтэн Мартин Клапрот нээж, Дэлхийн ван гарагийн нэрээр нэрлэсэн, хамгийн хүнд элемент болох ураныг хүн төрөлхтөн сүүлийн 60 гаруй жилд эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглаж байна. Ураныг олборлож эрчим хүч гаргах хүртэлх бүх үе шатаас хамгийн өндөр зардалтай нь хувирган боловсруулах мөн баяжуулах хэсэг байдаг ажээ. Өнөөдөр нэг кг шар нунтгийн дэлхийн зах зээл дээрх ханш нь 170 ам.долларт хэлбэлзэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд үнэ нь нь тасралтгүй өсөж байгаа түүхий эд юм.
Уран болон түүгээр эрчим хүч үйлдвэрлэх бүх процессыг физикийн шинжлэх ухаанаар нарийн тайлбарлах шаардлагатай ч бидэнд хамгийн энгийнээр ойлгож болох харьцуулалт бол ердөө харандааны баллуурын дайны, 6 гр цөмийн үрлэн түлшнээс ялгарах эрчим хүч 133 литр газрын тос, 100 куб метр байгалийн хий, 500 кг нүүрс шатааж энерги гаргахтай яг тэнцүү. Ямар өндөр үр ашигтай эрчим хүчний түүхий эд болохыг нэмж тайлбарлах нь илүүц биз ээ.
Энэ түүхий эд мөн улс болгонд байдаггүй, байгалиас заяасан тогтоцтой гэдгийг сануулах хэрэгтэй. Ураны нөөцтэй орон дэлхий дээр 20 хүрэхгүй бөгөөд нөөцийн хэмжээгээр Монгол Улс 12 дугаарт эрэмбэлэгддэг. Харин Монгол Улс Францын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, олборлолт явуулах гэж буй Зөөвч-Овоо орд дэлхий дээр сүүлийн 10 жилд илэрсэн хамгийн том ордод тооцогдож байна. Тус ордын тогтоогдсон нөөц 93.2 мянган тонн. Манай улсад хайгуул хийж, олборлолтод бэлтгэсэн ураны 13 орд байгааг төрийн өмчит “Мон-Атом” компанийн шинжээч, геологи-минeралогийн ухааны доктор, зөвлөх геологич Г.Жамсрандорж танилцуулсан. Тэгэхээр Монгол дахь ураны нөөц өсөн нэмэгдэх боломж их бий ажээ.
Ямар ч байсан одоо бодитоор хэрэгжих гэж буй, гуравдагч хөрш болох Франц улсын санхүүжүүлж байгаа Зөөвч-Овоо төслийн хувьд газрын хөрснөөс 160 орчим метрийн гүн дэх ураныг ISR буюу газар доор уусгах (ГДУО) технологиор олборлож, шар нунтаг гэгддэг байгалийн ураны бүтээгдэхүүн гарган авч экспортлох юм.
ГДУО гэдэг нь ураны хүдрийн биет рүү хүхрийн хүчлийн сулруулсан уусмалыг цооногоор шахаж, ураныг уусган сорж авдаг арга юм. Энэхүү технологийг эрдэмтэд, инженерүүд 1960-аад онд нээсэн нь уул уурхайн салбарт тоглоомын дүрмийг өөрчилж чадсан маш том инновац байлаа. Ялангуяа, цацраг идэвхт элемент болох ураныг газрын хөрс сэндийчихгүйгээр, битүү циклээр олборлох боломж олгосон энэ технологи өнөөдрийн байдлаар байгаль орчинд хамгийн хор хөнөөл багатай арга хэвээр байна.
Тодруулбал, ГДУО аргаар уран олборлож эхэлснээр:
Тийм ч учраас АНУ, Австрали, Хятад, Узбекистан, Канад зэрэг олон орноос гадна Казахстан дахь ураны 13 уурхай энэ аргыг ашиглаж, дэлхийн нийт уран олборлолтын 70 орчим хувийг ГДУО технологиор гарган авч байна.
Тэгэхээр энэ технологийг ашиглах нь улсдаа ч, төсөл хэрэгжүүлэгч компанидаа ч, байгаль орчинд ч бүх талаар ашигтай болохыг дээрх хэсгээс ойлгосон байх. Гэхдээ хүссэн бүхэн ураны уурхайд энэ технологийг ашиглах боломжгүй ажээ. Өөрөөр хэлбэл, ГДУО аргыг ашиглах нь олон хүчин зүйлээс шалтгаалж шийдэгддэг болохыг ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан тайлбарласан юм.
Уул уурхайд хүдэр буюу тухайн баялгийг агуулсан чулуулгийг
Эдгээр аргаас алийг нь ашиглах нь хүдрийн биет хаана байршиж байгаагаас хамаарна.
Битүү, эсвэл хагас битүү, ус үл нэвчүүлэх шавраар дээд, доод, хажуу талаасаа тусгаарлагдсан, хязгаарлагдсан тогтоцтой байвал энэ аргыг ашиглах боломжтой гэсэн үг. Шавар өөрөө уc нэвчүүлэх чадвар муутай учраас ураны уусгалт явагдахад хаашаа ч нэвчихгүй байх шаардлагыг ийм тохиолдолд хангадаг байна.
Үүний дараа ямар уусгагчаар уранаа уусгах асуудал яригдана. ГДУО-д хүчлийн болон шүлтийн уусгалт гэсэн хоёр аргыг ашигладаг байна. Энэ нь мөн л хүдрийн болон түүнийг агуулж байгаа чулуулаг давхаргын бүтцээс хамаарах бөгөөд Зөөвч-Овоо ордын хувьд карбонатын эрдсийн агуулга 2%-аас багатай учраас хүчлийн уусгалтаар ураныг гарган авах боломжтой аж.
Хамгийн гол нь байгаль орчинд аль болох нөлөөлөл багатай байх шаардлагатай. Зөөвч-Овоо ордын тухайд ураныг уусгагч шингэн ашиглан уусгаж олборлох юм. Харин түүн дэх хүчлийн хэмжээ нь нийт эргэлдэх шингэний 0,5 хувийг эзэлнэ. Ийм л уусгах шингэнийг 160 орчим метрийн гүн хүртэл суулгасан битүү цооногоор шахаж, буцаан соруулах замаар ураныг олборлоно.
“Хүхрийн хүчил ашиглахын давуу тал нь ураныг 80% хүртэл уусгаж авч чаддаг. Уусгалт хурдан, үнэ хямд. 1 кг ураны исэл гаргаж авахад 5-100 кг хүхрийн хүчил шаарддаг. Яагаад ийм их зөрүүтэй байгаа нь мөн л хүдрийн биетээс шалтгаалдаг. Тухайлбал, хүдрийн хүчлийн ус нэвчүүлэх чадвар муу байвал, эсвэл ураны агуулга ихтэй бол сайн уусгаж авахын тулд хэрэглээ нэмэгддэг,” хэмээн доктор Л.Жаргалсайхан ярьсан.
Өөрөөр хэлбэл, Монгол дахь ураны төслийн хувьд мөн ГДУО аргыг хүчлээр уусгах замаар ашиглах давуу тал байна гэсэн үг. Ялангуяа, “Бадрах Энержи” компанийн хувьд үйлдвэрлэлдээ шаардлагатай хүхрийн хүчлийг өөрсдөө үйлдвэрлэхээр төлөвлөснөө мэдээлсэн.
Хүхрийн хүчлээс монголчууд хамгийн их айж байгаа нь үнэн. “Химийн хортой бодисыг газрын хэвлий рүү цутгаж, гүний ус бохирдуулаад хамаг хүн мал нь хордож, байгаль орчин сүйдэх нь” гэсэн байр суурь цахим орчинд нэлээд тархаж байгаа. Тэгвэл уран олборлохоор газрын гүн рүү шахах 0.5 орчим проценттой хүхэр нь хаа сайгүй хаягдаж, хөдөө айлуудын гадаа хэвтэж байдаг аккумляторын хүхрийн агууламжаас 25-100 дахин бага ажээ. Нэг ёсондоо бидний ахуй, эргэн тойрон өөрөө Зөөвч-Овоо уурхайгаас хортой нөхцөлд байна гэж ойлгож болно. Түүнчлэн бидний яриад байдаг гар худгууд газрын хөрснөөс 20 метр хүртэл зайд байдаг бол ураны хүдэр бүхий уст үе 160 ба түүнээс цааш гүнд оршдог. Дээр дурдсанчлан хүдрийн биет нь ус үл нэвчих шавраар хүрээлэгдсэн тул гүний ус руу нэвчих үндэслэл байхгүй гэсэн үг.
Шинжлэх ухаанд суурилж мэргэжлийн инженерүүд, эрдэмтэд тооцоо судалгаатайгаар тогтоогоод, хүн төрөлхтөн хэдийн хэрэглээнд нэвтрүүлж, хор уршиг багатай, ялангуяа өнгөрсөн 50 жилд гүний ус бохирдуулсан нэг ч тохиолдол дэлхий дээр гараагүй ГДУО технологийг олон улс ашиглаж байгааг дахин сануулъя. Казахстан улс дахь 13 уурхай уранаа газар доор уусган олборлож, харин дээр нь хүн, мал аюулгүйгээр аж төрсөөр буй. Харин монголчууд айгаад байгаа нь арга ч үгүй ажээ, мэдэхгүй учраас тэр…
Ц.Тамир, нийтлэлч, медиа аналист
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!