OpenAI компани өчигдөр эргэцүүлэн бодох чадвартай хиймэл оюуны о1 загварынхаа бүрэн хувилбарыг нийтэд танилцуулжээ.
Тус компани өчигдөр 12 өдрийн турш шинэ бүтээгдэхүүн болон шинэ бүтээгдэхүүний туршилтыг загваруудыг тасралтгүй танилцуулах “shipmas” гэж нэрлэгдсэн арга хэмжээгээ эхлүүлсэн юм.
Энэхүү о1 загварын туршилтын хувилбарыг өнгөрсөн есдүгээр сард танилцуулж байв.
OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн бүрэн хувилбар нь туршилтын хувилбараасаа илүү өндөр нарийвчлалтай, илүү хурдтай, илүү олон талын мэдлэгтэй болсныг хэлжээ.
Тус компанийн мэргэжилтнүүд шинэ хувилбар өмнөхөөсөө 34 хувиар бага алдаа гаргадаг болсныг энэ үеэр тайлбарласан байна.
Хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө “эргэцүүлэн бодож” сургасан OpenAI компанийн анхны хиймэл оюуны загварыг о1 гэж судлаачид дүгнэжээ.
Ингэснээрээ уг загвар ямар ч хүнд хэцүү асуултад илүү үнэн зөв хариулт өгөх чадвартай болсон гэнэ.
Өчигдрийн танилцуулгын үеэр OpenAI компанийн мэргэжилтнүүд о1 загварын олон талт чадварыг харуулахын тулд сансарт байрлуулах дата төвийн цаасан дээр гараар зурсан төсөөллийг уншуулаад үүнд ашиглах хөргөлтийн хавтангийн нийт талбайг тооцоолж өгөхийг хүссэн юм.
Ингэхэд ойролцоогоор 10 секундийн дараа о1 нь энгийн хүн ойлгоход хэцүү урт хариултыг зарим тооцоолол, тэгшитгэлийн хамт харуулж байжээ.
Ирэх долоо хоног орчмын хугацаанд OpenAI хиймэл оюуны загварууд ямар түвшинд гарсныг харуулах төлөвтэй байна.
Сүүлийн үед технологийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд хиймэл оюуны хөгжил удааширсан эсэх талаар хоёр хуваагдан маргадаг болсон.
Зарим нь ийм загварууд мэдэгдэхүйц сайжирч чадахгүй, бүгд ойролцоо түвшинд хэлбэлзэх болсон гэж үздэг.
Тэгвэл Зул сарын баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд OpenAI уг асуултын хариуг өгөх бололтой.
“Энэ арга хэмжээ нь бид юу хийж бүтээж байгааг харуулахаас гадна бидний зүгээс хүмүүст өгөх баярын бэлэг байх болно” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн өчигдөр хэлсэн юм.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!