Уншиж байна ...

Нэтфликсийн цувралыг Парист үлдээхийн төлөө ширүүн тэмцэхээ Францын ерөнхийлөгч Макрон мэдэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нэтфликсийн алдарт цуврал “Emily in Paris”-ийн дөрөв дүгээр бүлэг гол дүр нь Италийн нийслэл Ром хот руу явж байгаагаар төгссөн нь олон хүнийг гайхшируулсан юм.

Тэдний дунд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон бас байжээ.

Лхагва гарагт Variety сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлагадаа тэр “Бид энэ цувралыг Парист үлдээх талаар уран бүтээлчидтэй нь нухацтай ярилцах болно. ‘Emily in Paris’ цуврал Ромд шилжих нь ямар ч утгагүй” гэж хэлсэн байна.

Энэ бүтээлд Чикаго хотоос Парист ажиллахаар шилжиж ирсэн маркетингийн залуу мэргэжилтэн Эмили Күүперийн (жүжигчин Лили Коллинз) түүхийг өгүүлдэг юм.

Нэтфликсийн хамгийн их эрэлттэй шоунуудын нэгээр байнга тодордог уг цувралын тавдугаар бүлгийн үйл явдал Ром хотод өрнөхөөр болсныг уран бүтээлчид нь зарлаад байгаа.

Макроны ярилцлага нийтлэгдсэний дараа Ром хотын захирагч Роберто Гуалтиери сошиал хуудсандаа “Эрхэм Эммануэл Макрон минь бүү сандар: Эмили Ромд сайн байх болно. Хэн ч бусдын зүрх сэтгэлийг цагдаж болдоггүй. Түүний сонголтыг хүндэл” гэж бичжээ.

Тэр бас хэвлэлд ярихдаа “Ерөнхийлөгч Макронд санаа зовох өөр тулгамдсан асуудлууд байдаггүй юм уу?” гэж хэлсэн байна.

“Нэтфликс шиг компани төрийн тэргүүнээс тушаал авдаггүй, улс төрийн дарамт шахалтаар шийдвэр гаргадаггүй гэдгийг Макрон мэдэж байгаа тул тоглоом шоглоомоор ийм зүйл ярьсан гэдэгт найдаж байна” гэж Гуалтиери цааш нь ярьжээ.

Макроны гэргий Брижит тус цувралын дөрөвдүгээр бүлэгт бяцхан туслах дүр бүтээдэг юм.

Тухайлбал Эмили нэгэн кафед Францын тэргүүн хатагтайтай тааралдаад хамт сэлфи зураг авхуулахыг гуйж байгаа үзэгдэл гардаг байна.

зураг
 

Энэ үзэгдлийн талаар Макрон “Би үүгээр маш их бахархаж байна. Тэр ч бас үүнд оролцсондоо маш их баяртай байгаа. Хэдхэн минутын үзэгдэл боловч энэ нь түүний хувьд сайхан цаг мөч байсан гэж би бодож байна. Миний бодлоор энэ нь Францын нэр хүндэд сайн хэрэг. ‘Emily in Paris’ нь манай улсыг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэх сайн бүтээл юм” гэж ярьж байв.

Зарим хүмүүс уг цувралыг Францын нийслэлийг хэтэрхий гоёор харуулсан, нийгмийн сүүдэртэй талуудыг нь үзүүлээгүй хэмээн шүүмжилж байгаа.

Гэхдээ Францын аялал жуулчлалын салбарт сайнаар нөлөөлснийг тус улсын кино урлагийн төвөөс энэ оны эхээр явуулсан судалгааны үр дүн харуулсан юм.

Тухайлбал жуулчдын 10 хувь нь ямар нэг кино, дэлгэцийн бүтээл үзсэнийхээ дараа Франц улсаар аялах санаа төрсөн гэсэн бол тэдгээрийн 38 хувь нь “Emily in Paris” цувралыг үзсэнийхээ дараа ийм шийдвэр гаргасан гэж хариулжээ.

Хэдийгээр Франц улсад ийм сайн нөлөөтэй нь батлагдсан ч Макрон өөрөө уг бүтээлд оролцох бодолгүй байгаагаа илэрхийлж байв.

“Би өөрийгөө Брижитээс илүү сайхан харагдахгүй гэж бодож байна” гэж тэр энэ талаар сэтгүүлчийн асуултад харилжээ.

 

Эх сурвалж: CNN