2024 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчлэлээр ихэнх эм зөвхөн эмчийн хүчинтэй жороор олгох болсон тул иргэд эмийн сангаас жоргүйгээр эм авах боломжгүй болоод байгаа юм.
Хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор "бүх эмийг жороор олгоно" гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд бий болж байна гэж Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт, Зохицуулалтын Газар (ЭЭХХЗГ)-аас залруулга гаргажээ.
Тодруулбал "Манай Улсад эмийг эмчийн жороор олгох хуулийн зохицуулалт 1998 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эмийн бүртгэлд бүртгэгдсэн нийт 4,110 эмээс 2,800 гаруй эм жороор олгож, 100 орчим эм нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалттай байдаг. Харин 1,100 гаруй нь жоргүйгээр эмийн сангаас хэвийн олгогдож байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гараагүй бөгөөд хуульд заасны дагуу жороор олгох эмийг эмчийн бичсэн жороор эмийн сангаас олгох болохыг анхааруулж байна" гэв.
Бодит байдал дээр өмнө нь жоргүй олгодог байсан эмийг заавал эмчийн жороор олгоно гээд эмийн сангаас өгөхгүй байгааг зарим иргэн хэлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!