Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ууганбаатар: Цэргийн дүрмийн бус харилцаанд өртсөн гэх гомдол ХЭҮК-д ирдэггүй учир мэдээллийн мөрөөр л ажиллаж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орон нутаг дахь хүний эрхийн асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр "Цэргийн дүрмийн бус харилцаа" болон дэглүүлсэн байж болзошгүй гэх Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хоёр алба хаагчийн биеийн байдлын талаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар дараах мэдээллийг өгөв. 



Тэрбээр хэлэхдээ "Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид дэглүүлсний улмаас эрүүл мэндэд нь хохирол учирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна гэх мэдээлэл ХЭҮК-д ирсэн.

Мэдээллийн мөрөөр нэн даруй Хил Хамгаалах Ерөнхий Газар (ХХЕГ)-ын дарга, хилийн цэргийн командлагч болон ХХЕГ-ын Эрүүл мэндийн албаны дарга, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл, тайлбар авсан байгаа. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт очиж, ажилласан бөгөөд ХХЕГ-ын холбогдох тайлбар мэдээлэл, баримтыг гаргуулахаар өнөөдөр албан бичиг хүргүүлж байна.

Хоёр цэргийн эрүүл мэндийн асуудал нууцлалтай учраас өвчний оношийг нь хэлэх боломжгүй. Гэхдээ эрүүл мэнд, биеийн байдал хэвийн, өчигдөр шинжилгээнд хамрагдсан. Тэд зохих эмчилгээ, сувилгааг хийлгэж байгаа.

Бид бүхэн өчигдөр холбогдох цэргүүдтэй уулзсан, мэдээллийг авсан" хэмээв. 

"2006 оноос цэргийн дүрмийн бус харилцаа 11-20% буурсан боловч бүрэн зогссонгүй"

Үргэлжлүүлэн "ХЭҮК нь цэргийн дүрмийн бус харилцаатай холбоотой асуудалд хяналт, шалгалт судалгааны ажлуудыг тогтмол зохион байгуулж ирсэн.

Өнгөрсөн онд өргөн барьсан комиссын 21 дэх илтгэлд цэргийн дүрмийн бус харилцааны асуудлыг судалж, хяналт шалгалт хийж, илтгэлдээ тусган УИХ-аар хэлэлцүүлсэн.

ХЭҮК 2006 онд цэргийн дүрмийн бус харилцаатай холбоотой асуудлаар судалгаа хийснээр “Цэргийн дүрмийн бус харилцаа байна. Үүнийг таслан зогсоогоорой" хэмээн илтгэлдээ тусгаж, УИХ-аар хэлэлцүүлж байсан.

2006 оноос цэргийн дүрмийн бус харилцаа 11-20 хувиар буурсан боловч бүрэн таслан зогссонгүй гэж дүгнээд УИХ-д оруулсан илтгэлдээ тусгасан байдаг.

Энэхүү илтгэлийг УИХ-аас хэлэлцээд 2022 оны 49 дүгээр тогтоолыг гаргасан. Өөрөөр хэлбэл цэргийн албан дахь дүрмийн бус харилцааны шалтгаан нөхцөлийг тогтоох, таслан зогсоох арга хэмжээг авч, хяналт тавих үүргийг Засгийн газарт оногдуулсан.

ХЭҮК нь цэргийн анги байгууллагад хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж байна. ХЭҮК байгуулагдсан цагаас хойш

  • Хилийн цэргийн анги байгууллагад 53 удаа
  • Зэвсэгт хүчний анги байгууллагад 69 удаа
  • Дотоодын цэргийн анги байгууллагад 10 удаа цэргийн дүрмийн бус харилцааны шалтгаан нөхцөлийг арилгуулахаар, дүрмийн бус харьцаатай холбоотой асуудлаар хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулсан.

Ингээд холбогдох албаны шалгалт үргэлжилж байна" хэмээв. 

"Цэргийн алба хаагчийн зан харилцаанаас үүдэлтэйгээр энэ төрлийн зөрчил гарч байна" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн цэргийн дэглэлттэй холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад ХЭҮК-оос хариулт өглөө. 



Сэтгүүлч: Эмнэлэгт хэвтсэн хоёр цэргийн ар гэрийнхэнтэй нь холбогдсон уу. Тэд гомдол гаргасан болов уу? 

ХЭҮК: Манайд албан ёсоор гомдол гаргаагүй. Гэхдээ гомдол гаргасны үндсэнд ажиллах бус холбогдох мэдээллийн мөрөөр ажиллагааг хийж байгаа.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум нь алслагдсан сум учраас өчигдрийн байдлаар эмнэлэг дээр ар гэрийнхэн нь байгаагүй.

Сэтгүүлч: Энэ төрлийн гомдол хэр их ирдэг вэ? 

Цэргийн дүрмийн бус харилцаатай холбоотой гомдол он гарснаас хойш манайд ирээгүй. Ер нь гомдол гаргахад төвөгтэй асуудал. Мэдээллийг тухайн иргэн шууд хүргэх боломжгүй нөхцөл байдалд байгаа. Харилцаа холбооны хэрэгсэл ашиглах боломжгүй шүү дээ. 

ХЭҮК-ын зүгээс гомдол, мэдээлэл авах шуурхай утас болон бусад хэлбэрээр гомдол мэдээлэл авах сувгууд нээлттэй.

Цэргийн дүрмийн бус харилцаанд өртсөн гэх цэргийн алба хаагч болон ар гэрийнхнийх нь зүгээс ХЭҮК-д гомдол гаргах боломж бий. Ер нь энэ төрлийн гомдол ХЭҮК-д ирдэггүй. Бид нар мэдээллийн мөрөөр л ажиллаж байгаа юм.

ХЭҮК-оос цэргийн анги байгууллага, зэвсэгт хүчний сургагч багш, хүний эрхийн сургагч багшийг бэлтгэх үйл ажиллагааг тасралтгүй үе шаттай зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн цэргийн анги байгууллагад хүний эрхийн сургалтуудыг хийж, алба хаагчдыг бэлтгэж байгаа.

Алба хаагчдын харилцааны зөрчил болон бусад харилцааг зохицуулж байгаа дүрэм журмын хэрэгжилттэй холбоотойгоор энэхүү зөрчил гарч байна. Цэргийн үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулж байгаа албан хаагчийн зан харилцаанаас үүдэлтэй. 

Хяналтыг шууд хэрэгжүүлэх байгууллага буюу Засгийн газрын хэмжээнд цэргийн дүрмийн бус харилцааг таслан зогсоох арга хэмжээг авах тухай УИХ-ын тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа нь цэргийн дүрмийн бус харилцаатай холбоотой.

Сэтгүүлч: Цэргийн дүрмийн харилцаа ямар байх ёстой вэ? 

ХЭҮК: Цэргийн албаны дүрэм журамд заасны дагуу захирах, захирагдах ёсны хүрээнд хууль ёсны шаардлага биелүүлэх үүднээс явагдана.

Дүрмийн бус харьцаа нь 

  • Хүч хэрэглэх
  • Заналхийлэх
  • Бие махбод, сэтгэл санаанд халдсан зэрэг үйлдэл.

Сэтгүүлч: Бэлгийн хүчирхийллийн талаарх мэдээлэл бий юу?

ХЭҮК: Одоогоор цэргийн алба хаагч бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэх мэдээлэл, гомдол манайд ирээгүй.